Орон нутгийн ИНБ-уудыг менторлох ажил амжилттай эхэллээ

Глоб Интернэшнл төвийн МАСАМ II төслийн баг “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МАСАМ II төслийн хүрээнд 10 орон нутагт буюу 7 аймаг, 3 дүүрэгт энэхүү төслийг хэрэгжүүлэх орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудыг менторлох үйл ажиллагаа 3 дугаар сарын 16-наас амжилттай эхэллээ. Анхны менторингийн үйл ажиллагаанд гурван өөр иргэний нийгмийн байгууллага гурван өөр сэдвээр менторлов. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “Захиргааны шинэ санаачлага” ТББ-ын тэргүүн С.Цэрэнпүрэв “Тендэрт хэрхэн хяналт тавих вэ?”, “Иргэдийн хяналтын бүлгийг байгуулах нь”, “Хөвсгөлийн хөгжил, дэвшилд” ТББ-ын тэргүүн Б.Лхагваа “Эрүүл мэндийн салбарын төсвийн ил тод байдалд үнэлгээ хийх нь”, Булган аймаг дахь Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан буюу ЛЭОС-ын салбарын гишүүн Ц.Ганцэцэг “Судалгааны арга зүй” гэсэн сэдвийн хүрээнд менторлов. 

“Захиргааны шинэ санаачлага” ТББ-ын тэргүүн С.Цэрэнпүрэв “Тендэрт хэрхэн хяналт тавих вэ?” сэдвийн хүрээнд төрийн худалдан авалтад оролцох, хяналт тавих хуул эрх зүйн заалтууд хүрээнд хэрхэн үр дүнтэй оролцох талаар туршлагаа хуваалцсан бол, иргэдийн хяналтын бүлгийг байгуулах 3 үе шат болоод баримтлах 10 зарчмыг дэлгэрэнгүй тайлбарлаж, харилцан ярилцав. Булган дахь ЛЭОС-ын салбарын гишүүн Ц.Ганцэцэг “Судалгааны арга зүй” сэдвийн хүрээнд хэрэглэгчийн үнэлгээний судалгааны ач холбогдол, бүрэлдэхүүн хэсэг болон хамрах хүрээний талаар дэлгэрэнгүй менторлохын зэрэгцээ Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулах замаар судалгаанд юуг анхаарах, судалгааны үр дүнд нөлөөлж болохуй эерэг, сөрөг хүчин зүйлсийн талаар ярилцав.

“Хөвсгөлийн хөгжил, дэвшилд” ТББ-ын тэргүүн Б.Лхагваа “Эрүүл мэндийн салбарын төсвийн ил тод байдалд үнэлгээ хийх нь” сэдвийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн төсвийн ил тод байдлын өнөөгийн нөхцөл байдал ямар байх ёстой бөгөөд ямар байгааг хууль эрх зүйн тодорхой заалтуудын хүрээнд тайлбарлав. Тухайлбал, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 12.1.3-12.1.6, Шилэн дансны тухай хуулийн 2.1, 3.1, 3.1.5 болон шилэн дансны зарчмуудын дагуу хэрхэн ӨЭМТ-ийн төсвийн ил тод байдалд shilendans.gov.mn цахим хуудсанд мониторинг хийх талаар заав.  

Тэгвэл өнөөдрийн байдлаар ӨЭМТ-үүдийн цахим мэдээллийн ил тод байдал ямар байна вэ? “Хөвсгөлийн хөгжил, дэвшилд” ТББ-ын тэргүүн Б.Лхагваагийн ажигласнаар, Булган, Орхон, Дархан аймгийн ӨЭМТ-үүдийн нэрс shilendans.gov.mn цахим хуудаст огт байхгүй байна. Төв аймгийн “Баруун зуун мод” ӨЭМТ-ийн 2022 оны 1, 2 дугаар сарын мэдээлэл зөвхөн дүнгээр төсөв, гүйцэтгэл тавьсан, зардлын зүйл ангийн нэр байгаа боловч бүрэн мэдээлээгүй байдалтай байна. Сэлэнгэ аймгийн тухайд, төсөв гүйцэтгэлийн дүнг Хөрөнгө оруулалт, тендэр худалдан авалт цэсэнд байрлуулсан. Налайх, Багануур, Сонгинохайрхан дүүргүүдийн ӨЭМТ-үүдийн хувьд 2022 оны 1, 2 сард огт мэдээлэл оруулаагүй, 2021 оны зөвхөн төсөв, гүйцэтгэлийг улирлаар байршуулсан байдалтай байна. 

Иймд, тэрбээр хуулийн хүрээнд ӨЭМТ-үүдээс яагаад төсвийн ил тод байдлаа хангахгүй байгаа шалтгааныг тодруулах зорилгоор шаардлага тавих, аймаг, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүсэлт гаргах, Санхүү, дотоод аудитын албанд мэдээлэх, Төрийн аудитад хүсэлт гаргах, Монгол Улсын Сангийн яаманд мэдээлэл хүргүүлэх гэх мэтээр хуулийн хэрэгжилтийг хангуулахад төслийн хэрэгжүүлэгчид анхаарах, үүнд хүчээ нэгтгэхийг уриалав.