Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал

УДИРТГАЛ

Хэвлэн нийтлэх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 16-д заан баталгаажуулсан үзэл бодлоо илэрхийлэх хүний салшгүй эрхийн нэг хэлбэр, олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, хүний эрхийг эрхэмлэсэн ардчилсан нийгмийн тулгуур үнэт зүйл мөн билээ. Энэхүү эрхийг баталгаатай хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь чухал ач холбогдолтой.

Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн салбарт гарсан ололт амжилт олон байх боловч сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа халдлага сүрдүүлэгт өртөх, мэдээний эх сурвалжаа хамгаалахад хүндрэл учрах, санхүүжилтийн тогтолцоо болон эрх зүйн орчны дутмаг байдлаас үүдэлтэй сэтгүүлч болон редакц нь төрийн болон эздийн нөлөөнөөс хараат бусаар ажиллах нөхцөл бүрдээгүй байж ирсэн гэх мэт олон бэрхшээл тулгарсаар байна.

Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Хэвлэл мэдээллийн шинэчилсэн найруулгын төслийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудаст нийтлэн, олон нийтийн саналыг авч эхлээд байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нийцүүлэх нь зүйтэй юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл нь 6 бүлэг, 18 зүйлтэй байхаар тусгажээ. Хуулийн төслийн хоёрдугаар бүлгийн хүрээнд хэвлэл мэдээллийн хараат бус, бие даасан байдлын баталгааг, тавдугаар зүйлд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг төрөөс хангах баталгаа, долдугаар зүйлд редакцын хараат бус байдлын баталгааг тус тус зохицуулжээ. Хуулийн төслийн бусад хэсэг хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахад шууд чиглээгүй, хэвлэл мэдээллийн салбарын зарчмыг тодорхойлж зохицуулахад илүүтэй чиглэсэн болох нь харагдаж байна.

ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ

Хуулийн зорилтын тухай

Хуулийн төслийн зорилтыг “Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, сэтгүүл зүйн хараат бус байдлыг хангах, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох замаар олон ургалч, хариуцлагатай хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд оршино” гэж тодорхойлжээ. Харин одоо мөрдөгдөж буй 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн зорилтыг “Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино” гэж тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.17 дахь хэсэгт “…үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх…” эрхийг баталгаажуулсан. Үзэл бодлоо олон янзаар илэрхийлэх боломжтой бөгөөд үг хэлэх эрх чөлөө үүнд багтах учир хасах нь зохимжгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхүүдийг нэг бүрчлэн нэрлэн зааж оруулах нь зөв гэж үзэж байна.

Түүнчлэн, “хариуцлагатай хэвлэл мэдээллийг хөгжүүлэх”-ийг зорилт хэсэгт тусгасан нь субьектив агуулга байх бөгөөд хэвлэлийн эрх чөлөөнд нөлөөлж болох эрсдэлтэй хэт ерөнхий зохицуулалт гэж үзэж байна. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргах болон олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохыг хориглодог. Хариуцлагатай хэвлэл мэдээлэл гэх нэрийн дор төрийн хяналт үүсэх эрсдэлтэй гэж үзэж байна.

Хуулийн үйлчлэх хүрээтэй холбоотой

Хуулийн төслийн 4.1.2-д “сэтгүүл зүйн үйл ажиллагаа” гэж юу болохыг нарийвчлан тодорхойлсон тул хуулийн үйлчлэх хүрээнд сэтгүүлзүйн үйл ажиллагааг давхардуулан тодорхойлох шаардлагагүй бөгөөд юуны тухай ямар үйл ажиллагаа явуулж, хэрхэн боловсруулж ямар хүрээнд мэдээлэх талаар хуульд ингэж нарийвчлан тусгах нь хэвлэл мэдээллийн байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэт оролцсон зохисгүй зохицуулалт гэж үзэж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар

Хуулийн төслийн 4.14-д хэвлэл мэдээллийн хэрэгслийг “сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээллийг олон нийтэд, эсхүл тодорхой бүлэг этгээдэд хүргэх, түгээх зорилгоор ашиглаж байгаа сонин, сэтгүүл, радио, телевиз, редакцтай мэдээллийн цахим хуудсыг /вэб сайт/” –ыг багтаан тодорхойлжээ. Мэдээллийн технологийн хөгжилтэй уялдан редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд нийгмийн сүлжээг өргөнөөр хэрэглэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн хувьд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүүтэй нийгмийн сүлжээнээс мэдээлэл авах болсон өнөөгийн нөхцөл байдалд тохируулан редакцтай нийтийн сүлжээн дэх хуудас (пэйж)-ыг мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд багтаан тооцох нь зүйтэй.

Худал мэдээлэлтэй холбоотой

Хуулийн төсөлд илт худал мэдээлэл гэж юу болохыг тодруулсан заалт тусгасан нь Эрүүгийн хуулийн 13.14-д мэдээлэл тараагчийн субьектив тал болох санаатай болон санамсаргүйгээр хийсэн үйлдлийн ялгааг тодорхой зааглаагүйгээс хуулийг урвуулан ашиглах боломжийг үүсгэж, улмаар энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж байсан алдааг залруулах зорилго агуулжээ үзэж байна. Энэхүү заалтыг оруулах тохиолдолд тодорхойлолтоос “тухайн үйл явдлыг хэт дэвэргэх” гэснийг субьектив хандлагаар буюу үзэмжээр тодорхойлох боломжтой тул хасах нь зүйтэй.

Нөгөө талаас сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгах, улмаар гэм буруутайд тооцох нь хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хангах зарчимд огт нийцэхгүй. Иймд сэтгүүлчид хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн хууль бус, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт болон Иргэний хуулийн 21, 497, 511-р заалтуудын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Үүний тулд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг дагалдуулан Эрүүгийн хуульд зохих тайлбар оруулах нь зүйтэй гэж зөвлөж байна. 

Редакцын хараат бус байдал буюу үнэн зөв мэдээлэл дамжуулах үүрэг

Хуулийн төслийн 7.4-д Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь нийтэлж, нэвтрүүлж буй бүтээлийн үнэн зөв байдлыг хариуцахаар заасан нь төрийн зүгээс үнэн гэж юуг ойлгох, түүнд тохируулан үйл ажиллагаа явуулахыг шаардах, улмаар редакцын хараат бус байдалд нөлөөлөх эрсдэл үүсэх нөхцөл болох талтай. Энэ заалтыг хасах саналтай байна. 

Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах зарчмын тухай

Хуулийн төслийн 10.1.1-10.1.8 дугаар зүйлд томьёолсон хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах зарчимд “хувь хүний нууцыг хүндэтгэх”, “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харшилсан үйлдлийг сурталчлахгүй байх” гэх мэт томьёололгүй бүрхэг зарчмууд тусгасныг хасах нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-аас 2021 онд баталсан Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах асуудлыг тусган зохицуулсан байх тул хууль хоорондын уялдааг хангахад анхаарах нь зүйтэй. Дээр дурдсан сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгах, улмаар гэм буруутайд тооцох нь хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хангах зарчимд нийцэхгүй тул шинээр батлах хуулийг дагалдуулан Эрүүгийн хуулийн 13.9 болон 13.10-д зохих тайлбар нэмэх нь зүйтэй гэж зөвлөж байна.

Сэтгүүлч мэдээллийн нууц эх сурвалжаа хамгаалах эрхийн тухай

Хэвлэл мэдээллийн ажилтан болон бусад этгээд мэдээллийн нууц эх сурвалжаа илчлэхээс татгалзах эрх нь үг хэлэх эрхийн нэг хэсэг юм. Глоб Интернэшнл төвөөс жил бүр гаргадаг Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаанаас нэгтгэн дүгнэвэл, эх сурвалжаа илчлэхийг албадах асуудал сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын дунд нийтлэг зөрчилд тооцогдож байна. Хуулийн төслийн 14 дүгээр зүйлд “хэвлэл мэдээллийн байгууллага, түүний сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй” гэж тусгасан нь сайшаалтай. Гэвч хуулийн төслийн 14.2-т Үндэсний аюулгүй байдалд бодит хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд эх сурвалжаа нууцлах эрхийг хязгаарлаж болохоор зохицуулсан нь үндэсний аюулгүй байдал нэрийн дор хэргийг хаалттай шийдвэрлэдэг, юуг ч хамаатуулан ойлгох үүд хаалга нээлттэй өнөөгийн нөхцөлд хэвлэлийн эрх чөлөөнд халдах эрсдэлтэй зохицуулалт байна. Иймд энэ заалтаас “үндэсний аюулгүй байдалд бодит хохирол учруулахуйц” гэснийг хасах саналтай байна.

Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын тухай

Хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлсон нь энэ салбарт гарч буй ололт амжилтыг цаашид баталгаажуулах ач холбогдолтой гэж үзэж байна. Хуулийнтөслийн 11.1 болон 11.3-д сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг шүүхээс өмнөх шатанд хэвлэл, мэдээллийн редакц, эрх бүхий удирдах албан тушаалтанд гаргах, улмаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бол хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагад хандан дүгнэлт гаргуулж болохоор зохицуулжээ.

Хувь хүн, хуулийн этгээдийн шүүхэд гомдол гаргахаас өмнө дээрх алхмуудыг заавал гүйцэлдүүлэхээр заах нь гомдол маргааныг удаашруулалгүй шийдвэрлэх, хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхийг хамгаалахад ач тустай зохицуулалт болно гэж үзэж байна. Харин хуулийн төслийн 15.4-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь эрх бүхий этгээд нь редакц сэтгүүлчийн эсрэг гомдлыг хянан шийдвэрлэх явцдаа түүнийг мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчилтэй холбоотой эсэхийг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагаар урьдчилан дүгнүүлж болно” гэсэн нь өөрийн зохицуулалтын байгууллагын бие даасан байдалд нөлөөлөх эрсдэлтэй тул хасах нь зүйтэй.

Төрийн оролцоог хязгаарлах тухай

Төрийн байгууллага нь хэвлэл мэдээллийн байгууллагын түгээсэн мэдээ мэдээллийн эсрэг шүүхэд гомдол гаргахгүй байх зарчмыг хуульд тусгасан нь сайшаалтай. 1999-2020 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон гүтгэлэг, доромжлол, илт худал мэдээлэл тараахтай холбоотой шүүхээс нийт 1077 иргэний болон эрүүгийн хэрэг шийдвэрлэсний 43.7 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох хэрэг байна.

Улмаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг хэрэг маргааны ихэнх нь төрийн албан тушаалтнуудын гомдолд үндэслэж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах хүрээнд “олон нийтийн зүтгэлтнүүд (public figure) нээлттэй шүүмжлэлд хүлээцтэй хандах ба өөрсдийн сонголтоор олон нийтийн хараа хяналтад байдаг гэдгийг ухамсарлан ойлгох үүднээс” тэдний шүүхэд гомдол гаргах нөхцөлийг хязгаарлах нь зүйтэй.

Санхүүжилтийн тухай

Хуулийн төслийн 7.7-д “Хэвлэл мэдээллийн байгууллага нь санхүүгийн хараат бус байдлаа хангах зорилгоор мэргэжлийн ёс зүй хэм хэмжээнд харшлахгүй, хуулиар хориглоогүй зар сурталчилгаа, бусад аж ахуйн орлогын эх үүсвэртэй байж болно” гэж заажээ. Хэвлэл мэдээллийн байгууллага нь Нэгдсэн Үндэстний Байгууллага гэх мэт олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хандив хүлээж авах гэх мэтээр санхүүжих бололцоог дээрх заалт хумих эрсдэл үүсгэж болзошгүй байна. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлөх болохыг анхаарна уу.

Сэтгүүлчийн эвлэлдэн нэгдэх эрхийн тухай

Хүн бүр өөрийн санаа бодлыг аливаа арга хэрэгсэл, хэлбэрээр мэдээлэн харилцах эрхтэй. Гишүүнчлэлтэй байхыг албадах, эсвэл сэтгүүлзүйн дээд боловсролтой байхыг шаардах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хууль бус хязгаарлалт юм. Энэхүү хуулийн төсөлд сэтгүүлчдийн гишүүнчлэлийг заавал байхаар тусгаагүй нь сайшаалтай хэ дий ч Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон олон улсын хэм хэмжээгээр зохицуулсан эвлэлдэн нэгдэх эрхийн ойлголтыг сэтгүүлчийн эвлэлдэн нэгдэх эрх гэж тусдаа зүйлийн хэмжээнд зохицуулсан үндэслэл шаардлага нь хуулийн төслийн үзэл баримтлалд огт дурдагдаагүй байна. Иймд төслийн 16 дугаар зүйлийг хасах саналыг үүгээр гаргаж байна.

Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох талаар

1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж заасан нь хэвлэлийн эрх чөлөөний зарчимд нийцсэн дэвшилттэй зохицуулалт болохыг олон улсын байгууллагууд тэмдэглэсээр ирсэн.

Хуулийн төслийн 6.7-д “Монгол Улсын тухай албан ёсны мэдээллийг олон улсад түгээх, сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ хэсэгт заасан хэвлэл мэдээллийн байгууллага нь арилжааны үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд улсын хэмжээнд нэг байж Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд үйл ажиллагаагаа явуулна” гэжээ. Бусад улсын туршлагыг үзэхэд ХБНГУын холбогдолтой мэдээллийг дэлхийн 30 гаруй хэлээр цацдаг Deutsche Welle нь Олон нийтийн статустай хэвлэл мэдээллийн байгууллага байна.

1998 онд хуульд заасныг хэвээр үлдээж Монгол Улсын тухай албан ёсны мэдээллийг олон улсад түгээх, сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн байгууллагыг олон нийтийн статустай болгож зохион байгуулах нь хэвлэлийн эрх чөлөөний зарчимд илүүтэй нийцнэ гэж үзэж байна.

ХУУЛИЙГ ДАГАЛДУУЛАН ШИНЭЧИЛЖ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БУСАД АСУУДЛУУД

Мэдээлэл олж авах, түгээх эрх, төрийн нууцтай холбоотой

Төрийн нууц болон албаны нууцын тухай хуульд төрийн болон албаны нууцын хүрээг хэт өргөн зохицуулсны зэрэгцээ нууцыг хамгаалах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан төдийгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэсэн. Энэ зохицуулалтын хүрээнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөнд төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс эрх мэдлээ ашиглан халдах эрсдэл бүрдсэн байх тул 1/ төрийн нууцад хамаарах мэдээллийг олж авсан тохиолдолд хариуцлагыг хэвлэл мэдээллийн редакц болон сэтгүүлч биш төр буюу Засгийн газар өөрөө хариуцах 2/ төрийн болон албаны нууцын хүрээг холбогдох хуульд нарийвчлан зохицуулах нь зүйтэй.

Мэдээллийн сайтыг хаах, хандалтыг хязгаарлах тухай

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд мэдээлэл дамжуулах, хүлээн авах, хэвлэн нийтлэх боломж хүрээ, хэлбэр улам бүр өргөжиж байна. Хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн ойлголтод редакцтай сайтыг оруулж тодорхойлжээ. Өнгөрсөн хугацаанд мэдээллийн сайтад хандах хандалтыг хязгаарлах, сайтыг хаах гэх мэт арга хэмжээ төрийн байгууллагын зүгээс авах нь нэлээд түгээмэл болсон.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч нь харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлах талаар холбогдох байгууллагад даалгах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулж байна. Цаашлаад прокурорын зөвшөөрөл олгосон энэ үйлдэлд дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй боловч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрхийг хязгаарласан гэх үндэслэлээр хууль тайлбарлах эрх бүхий “шүүх”-д гомдол гаргах боломжгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлд заасан шүүхэд гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй. Ийнхүү үндсэн эрхээ хязгаарлагдаж буйг шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах…” эрхийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн байна. 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх хүрээнд уг асуудлыг анхааран үзэж прокурорын зөвшөөрлөөр аливаа цахим хуудас, хаяг, контентод хандах эрхийг хязгаарлаж, хааж буй тохиолдолд тухайн шийдвэрт шүүхийн журмаар гомдол гаргаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг шүүхээр хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулж Эрүүгийн хуулиар шийтгэхгүй байх зарчим

Монгол Улсад цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбогдон үүсэж болзошгүй эрүүгийн гэмт хэрэгт “Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх дамжуулах, тараах”, “Худал мэдээлэл тараах”, “Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах”, “Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх”, “Террорист үйлдлийн талаар зориуд мэдээлэх”, “Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах”, “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргүүд хамаарахаар байна.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс зайлсхийхийг НҮБ-аас гишүүн орнууддаа үүрэг болгосон байдаг. Энэхүү зарчмыг хуульд тодорхой тусган, Эрүүгийн хуулийг түүнд нийцүүлэх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бодитой хамгаалах нөхцөл бүрдүүлэхэд томоохон алхам болно.