ЮНЕСКО-ГИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ОРЛОГЧ ДАРГА С.УЯНГА- НЭЭЛТИЙН ҮГ

Эрхэм зочид, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөлөл та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 

Жил бүр ЮНЕСКО-гийн МҮК нь “Глоб Интернэшнл төв”-тэй хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийг тэмдэглэсээр ирсэн нь хэдийн уламжлал болжээ. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэн бол мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбаруудын төлөөлөл гэж ойлгож байна. Та бүхэнтэй хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийн 10 жилийн ойг тэмдэглэж, Монгол Улсад тулгарч буй сорилт, боломжуудын талаар санал бодлоо хуваалцах нь бидний хувьд чухал ач холбогдолтой. Энэ өдрийг 2015 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаас зарлан тунхагласан бол 2019 онд НҮБ-ын 74 дүгээр Ерөнхий Ассамблейн чуулганаар мөн баталгаажуулсан. 

Монгол Улс 2024 оны байдлаар 3 сая орчим интернэт хэрэглэгч, 2.5 сая орчим цахим сүлжээ ашиглагч, 5 сая гаруй үүрэн телефоны идэвхтэй холболттой болж, цахим хэрэглээний түвшнээрээ дэлхийд өндөрт тооцогдох болсон  нь бидний хувьд бахархах үзүүлэлт юм. Гэвч энэхүү өсөлттэй зэрэгцэн мэдээллийн хүртээмж, ил тод байдал, цахим аюулгүй байдлыг ханган ажиллах шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Өнөөдрийн уулзалт бол зөвхөн мэдээллийн түгээмэл хүртээмжийн өдрийг тэмдэглэхээс гадна Монгол Улсад цахим эрин үед үүсэж буй боломж ба сорилтыг хамтдаа хэлэлцэх чухал өдөр юм.

Цахим эрин үед амьдарч буй иргэдийн хувьд мэдээлэл бол амин чухал хэрэгцээ болсон. Малчид цаг агаарын мэдээллийг цаг тухайд нь авч чадсанаар малаа хамгаалж, амьжиргаагаа тогтвортой авч явна. Хотод оршин сууж буй иргэд агаарын чанарын мэдээллийг авч чадсанаар гэр бүлээ эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлнэ. Бизнес эрхлэгчид хууль, журмын ил тод мэдээлэлд тулгуурлаж шийдвэрээ гаргаж чадна. Сэтгүүлчдийн хувьд мэдээлэлд нэвтрэх боломж бол үнэн зөв мэдээ түгээх, олон нийтийн итгэлийг хамгаалах үндэс юм. Иргэний нийгмийн байгууллагын хувьд энэ бол бодлогын хэлэлцүүлэгт бодитой оролцох суурь гэдгийг дахин онцолъё.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Монгол Улс чамлахааргүй ахиц гаргаж чадсан. e-Mongolia платформ бол олон үйлчилгээг иргэдэд ойртуулж чадсан. “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хууль хэрэгжиж эхэлсэн. Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс идэвхтэй оролцож байгаа нь олон улсын түвшинд ч үнэлэгдэж буй төдийгүй иргэдийн итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал алхам болсон.

Гэвч бид илүү хичээж ажиллах зүйлс байсаар байна. Мэдээлэл хөдөө орон нутгийн иргэдэд хүрэхдээ удаашралтай эсвэл ойлгомжгүй байх тохиолдол гарсаар байна. Зарим төрийн байгууллагын мэдээлэл нээлттэй байх ёстой ч нийтэд ил болгож чадахгүй хэвээр байна. Хэдий цахим шилжилт хурдацтай хөгжиж байгаа нь таашаалтай ч энэ чухал үед худал, ташаа мэдээлэл хурдан тархахаас сэргийлэх, иргэдэд зөв мэдээллийг цаг тухайд нь хүргэх нь бидний хамтын үүрэг юм.

Эрхэм зочид оо,

Монгол улсын нийт иргэдийн 73.6 хувь нь телевизийг, 63.7 хувь нь интернетийг мэдээллийн үндсэн эх сурвалж болгон ашиглаж байна 

Үүний дотор Хот, хөдөө орон нутгийн иргэдийн мэдээллийг үнэлэх, боловсруулах, хариуцлагатайгаар түгээх чадварт ихээхэн ялгаа ажиглагдсан байна. 

Тухайлбал, орон нутгийн иргэдийн дунд худал ташаа, баталгаатай бус эх сурвалжаас тараасан мэдээлэлд өртөх, бусдад түгээх, эсвэл хэрхэх ёстойгоо мэдэхгүй хүний тоо орон нутагт илүү олон байна. Энэ нь эргээд байгалийн гамшиг тохиолдоход аюулд учирах, амь нас, эд хөрнгөө алдах эрсдэлийг дагуулж байна. 

Мөн байгалийн доройтолд өртөх өндөр эрсдэл бүхий бүс нутаг буюу өвлийн улиралд зуд, зуны улиралд үер ус, ган гачиг тохиолдох магадлал ихтэй орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын ур чадварыг сайжруулах, цаг уурын мэдээллийн цаг алдалгүй дамжуулах тогтсон системийг орчин үеийн технологийн дэвшилтүүдтэй уяалдуулан сайжруулах нь бидний анхааран ажиллах ёстой асуудлуудын нэг байгааг онцлон анхааруулж байна.

Төгсгөлд нь хэлэхэд, мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах нь зөвхөн нэг байгууллагын үүрэг биш. Энэ бол хамтын ажиллагаа, итгэлцэл, хариуцлагын үр дүн. Бид хамтдаа ажиллаж чадвал илүү нээлттэй, шударга, илүү тогтвортой нийгмийг мэдээллийн хүртээмжтэй байдлаар дамжуулан Монгол Улсад бүтээж чадна.

Баярлалаа.