СЭТГҮҮЛЧИЙГ ХАМГААЛАХ НЬ ОЛОН НИЙТИЙН МЭДЭХ ЭРХИЙГ ХАМГААЛАХЫН НЭР ЮМ.

Сэтгүүлч дуугүй болох үед зөвхөн нэг хүний дуу хоолой тасардаггүй. Түүний цаана олон нийтийн мэдэх ёстой мэдээлэл, асуух ёстой асуулт, нэхэх ёстой хариуцлага хамтдаа бүдгэрдэг. Энэ бол сэтгүүлчдийн аюулгүй байдлыг зөвхөн мэргэжлийн хүрээний асуудал бус, ардчилсан нийгмийн үндсэн баталгаа гэж үзэхийн учир юм.

Арваннэгдүгээр сард хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр өрнөж буй олон талт ажлын нэг хэсэг нь 11 дүгээр сарын 12-нд зохион байгуулсан эрх зүйн сургалт байв.

ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (IPDC)-ийн Монголын Үндэсний хорооны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулсан уг сургалт сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна эрхээ хамгаалах, аюулгүй байдлаа хангах, хариуцлагатай хэвлэл мэдээллийн орчныг бүрдүүлэхэд хамтын оролцоо ямар чухал болохыг хэлэлцэх боломж бүрдүүлэв.

Төслийг Глоб Интернэшнл төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв, Хэвлэлийн Хүрээлэн хамтран хэрэгжүүлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн гүйцэтгэх үүргийг онцолсон юм.


Сургалтын үеэр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрх, сэтгүүлчийн ёс зүйн хариуцлагаас гадна сэтгүүлчдийн эсрэг ашигладаг дарамт, шахалт, заналхийллийн хэлбэрүүдийг олон улсын хүний эрхийн стандарт болон Монголын хууль эрх зүйн орчинтой холбон авч үзэв.



Канадын Хууль, ардчиллын төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел, Глоб Интернэшнл төвийн гүйцэтгэх захирал Б.Онон, тус төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн сургагч багш Б.Болормаа, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар нар сургалтад сургагч, илтгэгчээр оролцож, олон улсын туршлага, үндэсний нөхцөл байдал, практик асуудлыг хөндлөө.


Хэлэлцүүлгийн нэг чухал хэсэг нь Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах үндэсний механизм байв. Глоб Интернэшнл төвөөс боловсруулсан механизмын загвар нь сэтгүүлчдэд учирч буй эрсдэлийг үнэлэх, шаардлагатай хамгаалалт, туслалцаатай холбох, холбогдох байгууллагуудын хариу арга хэмжээг уялдуулахад чиглэнэ. Энэ нь цагдаа, прокурор, шүүх зэрэг хуульд заасан чиг үүрэг бүхий байгууллагыг орлохгүй, харин тэдгээрийн хамтын ажиллагааг дэмжих зохицуулалт юм.


Сэтгүүлчийн аюулгүй байдал бол сэтгүүлчийн хувийн асуудал биш. Мэдээлэлтэй байх, үнэнийг мэдэх, төрөөс хариуцлага нэхэх олон нийтийн эрхийн асуудал юм. Сэтгүүлчдийг хамгаалах нь мэдэх эрхийг хамгаалж, ардчиллыг бэхжүүлэх үйл хэрэг билээ.