Ард түмэн, төр засгийн хоорондын тэмцэл бол зөвхөн энэ цаг үеийнхний асуудал биш. Үеийн үед, үрийн үрд хүн төрөлхтний түүхийн турш үргэлжилж ирсэн тулаан. Иргэд нь төр засгийнхаа эсрэг хийх тэмцлийн мөн чанарыг бид ардын аман үлгэр домогтоо ч тусгаж ирсэн. Угтаа баатар эр арван таван толгойтой атгаалжин хар мангастай тулалдан ялж буйгаар дүрсэлсэн нь харагддаг. Харин өрнийн сэтгэлгээнд далай тэнгист амьдардаг үлгэр домгийн аймшигт амьтан “левифанаар” төр засгаа төлөөлүүлж зохиол бүтээлээ туурвисан. Төр, иргэн хоёрын тэмцэлд эргэлзэлгүйгээр иргэний талд л зогс. Төр өөртөө бүх албадлагын механизмыг гартаа атгасан байдаг бол иргэнд эр зоригоос өөр ямар ч зэвсэг байдаггүй. Хүч тэнцвэргүй тулаанд юунд итгэж төр засагтайгаа хийх тэмцэл өрнүүлдэг болохыг бодоод үз. Ийн ойлгож чадвал сая хэнийх нь талд зогсохоо мэднэ.
Суртал ухуулга ба ялалтын мөч
Сүүлийн гурван сарын улс төрийн хамгийн хурц үйл явдлын гол дүр нь “Огцрох амархан” жагсаал байлаа. Энэхүү жагсаалын цаана хэн байгаа бол хэмээх суртал ухуулга, мэдээллийн нэг урсгал, мөнгөний үнэртэй инфлүүнсерүүдийн дайралт олон нийтийг төөрөгдүүлэхийг оролдсон. Гэвч залуус эр зоригтойгоор энэ бүхнийг сөрөн зогсож, эцэст нь засгийг огцруулж чадлаа. Дараагийн засаг ч эмхлэн байгуулагдаж улсын наадмаа тэмдэглэв.
Жагсагчдын ялалтыг өөр өөр өнцгөөс харуулсан үзэл санаа нэгт нөхдийн нийтлэлүүд ч цөөнгүй. Үүнээс “Залуусын ялсан жинхэнэ Голиаф” гэх тэмцлийн баатарлаг талыг, “Даргыг сольж чаддаг л байх нь ардчилал” гэх улс төрийн онолын утгыг, харин “Огцрох яг амархан уу?” гэх удирдагч солигдох үйл явцыг органик, тогтмол байх ёстой гэж тайлбарласан. Эдгээр нийтлэлүүд нь ялалт гэх ойлголтыг өргөн хүрээнд таниулсан ч дараагийн сорилт илүү хүнд болохыг мөн сануулж байна.
Америкчууд доллар дээрээ “In God We Trust” буюу “Бурханд Бид Итгэдэг” гэж бичдэг. Ерөнхийлөгч нь тангараг өргөхдөө библи дээр гараа тавьдаг нь төрийг үзэх үзэлд шашны нөлөө ямар гүнзгий шингэснийг харуулдаг. Монголчууд ч “Төрийн сүлд өршөө” гэж сүү өргөдөг нь удирдагчаа бурханчлан шүтэх дорнын сэтгэлгээтэй холбоотой. Тэгэхээр бурханчлан шүтсэн төр ёсны сэтгэлгээний эсрэг эрслэн босно гэдэг эр зориг гэхээс өөр юу гэхэв дээ. Үнэт зүйлээс өөрөөр юу ч эдгээр залуусыг нэгтгээгүй юм. Аль нэг нам эвсэл, нэг талын захиалга бус, цэвэр сэтгэлийн дуудлага болсон гэлтэй.
Тэмцэл дууслаа, дарга огцорлоо. Дараа нь юу болох вэ?
Талбай дээр уухай, сошиалд баярын постууд хөвөрнө. Энэ мөч улс төрийн тэмцлийн оргил мэт боловч, улс төрийн шинжлэх ухаан, түүхийн ном бүтээлүүдийн дүгнэлтээр энэ нь төгсгөл бус, эхлэл юм. Огцруулах нь амархан. Харин өөрчлөлт авчрах нь хэцүү. IRIM-аас гаргасан судалгаанд дурдагдсанаар, 2020-2022 оны хооронд 710 жагсаал, цуглаан болсон нь ардчилсан тогтолцоонд удирдагчийг огцруулах механизм ажиллаж буйг харуулна. Энэ бол эерэг хэрэг. Иргэд эрх мэдэлд хяналт тавьж чаддагийн илрэл гэлтэй. Гэхдээ зөвхөн удирдагчийг солих нь хангалтгүй. Л.Оюун-Эрдэнийн засагласан он жилүүдэд олон чухал үзүүлэлтээр ухралт гарсныг бодит тоо баримт хангалттай харуулах биз ээ. Тиймээс, “нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр нь адилхан” гэх математикийн томьёо улс төрд үл тохирно. Хэн нэг удирдагч, албан тушаалтан ард түмний итгэлийг алдсан бол түүнийг албан тушаалаас нь хялбархан чөлөөлөх нь ардчилсан тогтолцоо эрүүл байгаагийн нэг том баталгаа. Манай улс 1992 онд анхдугаар ардчилсан Үндсэн хуулиа баталж, ардчиллыг эргэлт буцалтгүйгээр сонгосон. Улмаар 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, засаглалыг илүү тогтвортой байлгах алхмыг хийсэн гэж зөвтгөж тайлбарладаг. Гэвч үүний үр дүнд удирдагчийг огцруулах, хариуцлага тооцох нь заримдаа дайснаа дарахаас ч илүү хүнд боломжгүй мэт нөхцөл байдалд аваачсаныг нуух юун. Огцрох амархан гэдэг нь хаос, тогтворгүй байдал гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ, энэ нь төрийн эрх мэдлийг хяналт, тэнцвэртэй байлгаж, хариуцлагатай удирдлагыг бий болгох боломжийг олгодгоороо давуу тал ихтэй.
Тэмцэл тасрахгүй, үргэлжлэх ёстой
Ээлжит ерөнхий сайдтай боллоо гээд бүх зүйл өөрчлөгдөхгүй. Шинэ засгийн газар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, олон нийтийн итгэлийг сэргээх, эдийн засгийн уналтыг зогсоох бодит сорилттой нүүр тулах болно. Эхний 100 хоногт хэрэгжүүлэх ёстой тодорхой ажлуудыг олон нийт, хэвлэл мэдээллээр нээлттэй хэлэлцэж дүгнэж болох юм. Өөрөөр хэлбэл, “дарга солигдлоо” гэдэг нь номын эхний хуудас л гэсэн үг. Харин дараагийн бүлгүүд илүү урт, илүү хүнд бичигдэх нь мэдээж юм. Иргэдийн тэмцэл, хяналт, шаардлага тасралтгүй үргэлжилбэл тэр л номын төгсгөл байх учиртай болж чадна. Ялалт зөвхөн эхлэл гэдгийг марталгүй, бидний тэмцэл, хяналт хариуцлага нэхэх үйл явц тасралтгүй үргэлжлэх ёстой гэдгийг сануулж байна. Эцэст нь хэлэхэд, ардчиллыг хамгаалж, тогтвортой байлгахын тулд зөвхөн огцруулах арга замыг сонгох биш, сонгуулийн шударга тогтолцоо, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шүүхийн хараат бус байдал, иргэдийн улс төрийн боловсрол гэсэн тулгуур багануудыг зэрэг бэхжүүлэх хэрэгтэй. Ийн аваас, удирдагч солигдох нь улс орныг унагах биш, харин ч урагш ахиулах хүч болж чадна.