- Товч хураангуй (Executive Summary)
Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө хууль эрх зүйн хувьд баталгаажсан хэдий ч сүүлийн жилүүдэд эрх мэдэл, бизнесийн ашиг сонирхол, цахим орчны дарамт, хууль эрх зүйн дарамт зэргээс үүдэн сэтгүүлчдийн аюулгүй байдал, хараат бус байдал доройтож байна.
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 2025 онд 180 орноос 102-д эрэмбэлэгдсэн нь өмнөх оноос 7 байр урагшилсан үзүүлэлт юм (RSF, 2025).
Сэтгүүлчдийн дийлэнх нь шүүхийн дарамт, цахим дайралт, ажлын байрны дарамтад өртөж байгаа бөгөөд энэ нь чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйн хөгжилд ноцтой заналхийлэл учруулж байна.
Энэхүү бодлогын товч нь Монголын сэтгүүл зүйн орчны тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, хууль эрх зүйн орчны шинэчлэл, аюулгүй байдлын хамгаалалт, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх гурван чиглэлд бодлогын санал дэвшүүлж байна.
2. Асуудлын тодорхойлолт (Problem Statement)
Сүүлийн таван жилд Монголын хэвлэл мэдээллийн салбарт дараах хандлагууд ажиглагдаж байна:
- Хэвлэл мэдээллийн байгууллагуудын өмчлөлийн төвлөрөл өсөж, улс төр, бизнесийн нөлөө давамгайлж байна.
- Сэтгүүлчдийн мэргэжлийн аюулгүй байдал хангалтгүй: цахим халдлага, нэр хүндэд халдах болон худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдуулан эрүү, иргэний хариуцлага хүлээх эрсдэл нэмэгдсэн.
- Хуулийн зохицуулалт: Эрүүгийн болон Зөрчлийн хуульд “Худал мэдээлэл тараах”, шүүхийн шийдвэрийг гуйвуулан ташаа байдлаар бусдад түгээх гэх заалтууд хэвлэл, сэтгүүлчдэд дарамт үзүүлэхэд ашиглагдаж байна.
- Мэдээллийн эх сурвалжийг хамгаалах тогтолцоо сул, сэтгүүлчид эх сурвалжаа нууцлах эрхээ бүрэн эдэлж чаддаггүй.
- Ажил олгогчийн түвшинд хамгаалалтын бодлого дутмаг – байгууллагууд дотоод “аюулгүй байдлын протокол” хэрэгжүүлдэггүй, хөдөлмөрийн дотоод журамдаа зохицуулдаггүй.
3. Баримт, дүн шинжилгээ (Evidence and Analysis)
- RSF (2024): Монгол Улс 115 дугаар байрт орж, “The environment for journalists has become increasingly polarized and hostile” хэмээн дүгнэжээ.
- Глоб Интернэшнл төвийн судалгаа (2025): 387 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хамрагдсан судалгаанаас 22 хувь нь “сүүлийн нэг жилд дарамт, сүрдүүлэгт өртсөн” 62 хувь нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зөрчигдсөн гэсэн бол 89 хувь нь эрхэлж буй ажилтай холбоотойгоор сэтгэл зүйн дарамтад өртдөг гэсэн байна.
Шүүхийн практик: 2021-2024 оны эхний хагас жилийн байдлаар Иргэний хуулийн 21- р зүйл. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой зохицуулалтаар нийт 56 хэрэг шийдвэрлэснээс өмгөөлөгч, сэтгүүлч хариуцагчтай 30 хэрэг байна. Үүнээс, 2021 онд 9, 2022 онд 10, 2023 онд 7, 2024 оны эхний хагас жилийн байдлаар 4 хэргийг шийдвэрлэсэн байна. (Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, 2025 он) Энэ нь нэр төр, алдар хүндтэй холбоотой иргэний шүүхээр шийдвэрлэгдэж буй хэргийн ½ нь сэтгүүлчтэй холбоотой байна. 2020 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн дагуу 2,402 хэрэгт хэрэг бүртгэлт явуулснаас 1,634 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улмаар 233 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 22 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 175 хэргийг шүүхэд шилжүүлсэн.
- Цахим халдлага: Нэр бүхий сэтгүүлчдийг чиглэсэн “бот” халдлага, олон нийтийн сүлжээгээр нэр хүндэд нь халдсан тохиолдол нэмэгдэж байна.
- Бие махбодийн халдлага: Өнгөрсөн хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж буйтай холбогдуулан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хүний эрх хамгаалагчаар тогтоогдож, хамгаалалтад авагдсан тохиолдлууд бүртгэгдсэн. Хүний Эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооноос дүгнэлт гаргаж, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтад авах боломжтой тогтолцоо үйлчилж байна.
Эдгээр нөхцөл нь сэтгүүл зүйн бие даасан байдал, олон ургальч үзэл, иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байгаа юм.
4. Боломжит бодлогын хувилбарууд (Policy Options)

5. Бодлогын зөвлөмж (Recommendations)
1. Хууль эрх зүйн шинэчлэл хийх:
- Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл тараах” эсхүл Гүтгэлэг, Доромжлолтой холбоотой заалтыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулахгүй байх;
- Мэдээллийн эх сурвалжийг хамгаалах тухай заалтыг тодорхой болгох;
- Сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг хамгаалах тухай тусгайлсан зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгаж, боловсруулах.
2. Аюулгүй байдлын дотоод тогтолцоо бий болгох:
- Хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчийн аюулгүй байдлын бодлого (safety policy) батлах;
- Цахим халдлага, дарамтад өртсөн сэтгүүлчдэд хуулийн болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх систем байгуулах.
- Сэтгүүлчдийн цахим аюулгүй байдлын сургалт, хамгаалалтын системийг бий болгох, турших. (Media Safety Unit/Desk)
3. Мэргэжлийн чадавх ба ёс зүйн дэмжлэг:
- Хэвлэл мэдээллийн зөвлөлийн чадавхыг нэмэгдүүлэх;
- Сэтгүүлчдэд аюулгүй байдал, мэдээллийн ёс зүйн сургалтыг тогтмол зохион байгуулах.
6. Дүгнэлт (Conclusion)
Монголын сэтгүүл зүйн ирээдүй сэтгүүлчдийн аюулгүй байдал, хараат бус байдалтай шууд холбоотой. Өнгөрсөн хугацаанд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэрхэн өргөн барьж байсныг авч үзвэл, 2011 онд Ерөнхийлөгч, Засгийн газраас ХМЭЧтХ-ийн шинэчилсэн найруулгын төслийг тус тусдаа боловсруулж УИХ-д өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад эдгээр төслийг нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслийг голлохоор шийдвэрлэжээ. Энэ хуулийн төсөл хоёр парламент дамжсан бөгөөд 2013.01.24-ний өдөр хууль санаачлагч төслөө өөрөө татаж авсан. УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын долоон гишүүн 2014.07.07-нд өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хоёр хуулийн төслийг Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан ч хэлэлцэлгүй хойшлуулж байгаад 2016 оны сонгуулиар бүрдсэн шинэ УИХ-аас “хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын санал, дүгнэлтийг авах шаардлагатай” гэж үзэж хууль санаачлагчдад нь буцаасан байна. Үүнээс үзвэл, тус хуулийн төслийг 11 жилийн дараа ахин өргөн барьсан байгаа бөгөөд хоёр парламент дамжин хойшлогдож байгаа дүр зураг ажиглагдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барьж 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр УИХ-аас энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжээд байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор олон ургалч байр суурь байгааг хүндэтгэн үзэж, олон улсын хүний эрхийн стандарт, хэм хэмжээнд нийцсэн илүү боловсронгуй хуулийн төсөл болгон сайжруулах хэрэгцээ шаардлага бийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр худал мэдээлэл тараах үйлдлийг гэмт хэрэгт тооцож зорчих эрхийг хязгаарлах, эсхүл бусад ял шийтгэх төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар энэ зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах явцад хүнийг баривчлах, цагдан хорих, чөлөөтэй зорчих, эсхүл бусад үндсэн эрхэд хязгаарлалт тогтоох, хүний бие, эсхүл орон байранд үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зэргээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон бусад үндсэн эрхийг илүү ихээр хязгаарлах хууль зүйн үр дагавартай байна. Тодруулбал, 2020 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн дагуу 2,402 хэрэгт хэрэг бүртгэлт явуулснаас 1,634 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улмаар 233 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 22 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 175 хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд энэ явцад 218 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 21 хүнд цагдан хорих, 25 хүнд хязгаарлалт тогтоох, 198 хүнд хувийн баталгаа гаргах арга хэмжээг тус тус авсан байна (Улсын ерөнхий прокурорын газар, 2025.10.14, №02/4642). Энэ төрлийн гэмт хэрэгт шалгагдсан иргэдийг баривчилсан, цагдан хорьсон хугацаа нь 2-53 хоног байна (Глоб интернэшнл төв ТББ, 2024.09.26). Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020-2024 онд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр 105 хэрэг хянан шийдвэрлэж, 104 хүнд ял оногдуулсан байна (Шүүхийн ерөнхий зөвлөл, 2025.10.17, №01/1686). Худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт, шийдвэрлэлтийн талаарх эдгээр нөхцөл байдал нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг иргэний эрх зүйгээр хамгаалах нь эрүүгийн эрх зүйгээс илүү хөнгөн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хэтрүүлэн хязгаарлах эрсдэл бага болохыг нотолж байна.
Иймд хэрэв эрх баригчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгэм хамтдаа сэтгүүлчийн аюулгүй байдлыг хамгаалах систем бий болгож чадвал Монгол Улс дахин бүс нутгийн жишиг болсон хэвлэлийн эрх чөлөөний орон болж чадна.
7. Эх сурвалж (References)
- Reporters Without Borders (RSF), World Press Freedom Index 2025
- Globe International Center, Media Freedom and Journalist Safety Survey 2024
- OSCE, Guidelines on the Safety of Journalists (2022)
- UNESCO, Safety of Journalists: Global Trends (2023)