Төв Азийн цахим орчны бодлого, эрх зүйн зохицуулалтын асуудлыг хэлэлцэх XVII удаагийн форумын хүрээнд “Төв Азийн интернэтийн засаглал: Стратеги ба тактик” сэдэвт панел хэлэлцүүлэгт “Глоб Интернэшнл төв”-ийн хуульч Б.Пүрэвсүрэн оролцлоо.

Казакстан улсын Алмати хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан Төв Азийн цахим орчны бодлого, эрх зүйн зохицуулалтын асуудлыг хэлэлцэх XVII удаагийн форумын хүрээнд “Төв Азийн интернэтийн засаглал: Стратеги ба тактик” сэдэвт панел хэлэлцүүлэгт “Глоб Интернэшнл төв”-ийн хуульч Б.Пүрэвсүрэн оролцлоо.


Тус хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын интернэт орчны эрх зүйн зохицуулалтын өнөөгийн нөхцөл байдал, интернэтийн засаглал, цахим орчин дахь эрх, эрх чөлөөг хамгаалах асуудал, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн талаарх Монгол Улсын туршлага, байр сууриа илэрхийлж, бүс нутгийн орнуудын туршлага, сорилт, цаашдын хамтын ажиллагааны талаар өрнүүлсэн хэлэлцүүлэгт хувь нэмрээ орууллаа.


Интернэтийн засаглал нь зөвхөн технологийн асуудал бус, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, олон талт оролцоо, ил тод байдал, хариуцлагатай засаглалтай салшгүй холбоотой юм. 

Монгол, Казахстан, Киргизстан улсуудын хувьд 16 насанд хүрээгүй хүүхдийн сошиал медиа хэрэглээнд хязгаарлалт тогтоох тухай санал, санаачилга өрнөж буй энэ үед хүүхдийн цахим хэрэглээг бүрэн хязгаарлавал мэдээлэл авах, нийгмийн амьдралд оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь мөн хязгаарлаж болзошгүй тухайд хөндөн ярилцлаа.  Түүнчлэн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах үндэсний механизмыг боловсруулах санаачилга өрнөж буйг онцлон дурдлаа. 


Монгол Улсын цахим орчны эрх зүйн орчин, туршлага, байр суурийг олон улсын болон бүс нутгийн түвшинд хуваалцах, харилцан туршлага солилцох нь цахим орчныг нээлттэй, хүртээмжтэй, аюулгүй, хүний эрхэд суурилсан байдлаар хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.