“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн 23, 24-р зүйлийн хэрэгжилтэнд үнэлгээ хийж эхэллээ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр УИХ-ын тамгын газраас хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд “Глоб интернэшнл төв”, “Зориг сан” төрийн бус байгууллага хамтран бэлтгэв. “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн 23, 24-р зүйлийн хэрэгжилтийн үнэлгээ хийж эхлэв.

Судалгааг 2014 оны 11-р сарын 24-ны өдрөөс 12-р сарын 24-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд хийх бөгөөд аймгуудын ЗДТГ, ИТХ, Газрын алба, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Газрын алба, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, БЗД-ийн ИТХ болон Халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар судалгаанд хамруулна.

Судалгааны зорилго
“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилтийн байдлыг тандан судалж, иргэн хуулийн этгээд төрийн байгууллагаас мэдээлэл авч байгаа зураглал гарган, цаашид мэдээлэл өгөхтэй холбоотой бүтэц, зохион байгуулалт, арга, хэлбэрийг сайжруулах талаар зөвлөмж боловсруулахад оршино.

Судалгааны зорилт
-  Хуулийн 23 дугаар зүйлийн хэрэгжилт буюу тэмдэглэл хөтөлж буй практикийг судлах
- Хуулийн 24 дүгээр зүйлийн хэрэгжилт, үр дүнгийн гэрээнд мэдээллийн ил тод байдлыг хангах талаар хэрхэн тусгасан, үнэлгээний гол шалгуур үзүүлэлт болгож буй байдлыг үнэлэх
- Хуулийн дээрх заалтууд хэрэгжих боломж нөхцөл буюу  төсөв, хүний нөөц, зохион байгуулалт, сургалт, бусад шаардлагатай нөөцийг бүрдүүлсэн эсэхийг тодорхойлох.
-  Давж заалдах, хариуцлага тооцох механизм үр дүнтэй эсэх

Судалгааны арга зүй
Хуулийн 23, 24 дүгээр зүйл нь мэдээлэл хүсэгчийн идэвхтэй үйлдлээр хэрэгжих боломжтой төдийгүй, түүнийг хэрэгжүүлэхийн тулд байгууллага, албан тушаалтнууд хүсэлтийг хүлээн авах, тэмдэглэл хөтлөх, тэр даруй хүсэлтэд хариу өгөхөд бэлтгэлтэй, мэдээлэл цэгцтэй, системчлэгдсэн байхаар зохион байгуулалтыг хангасан байх, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үйл ажиллагааны зарчмаа баримтлах, хуулийг иргэдэд сурталчлах зэрэг талуудын оролцоо, хяналт, эргэх холбоог бий болгосноор хууль бүрэн утгаараа хэрэгжиж, мэдэх эрхийг хангах боломж бүрдэнэ гэж үзэв.

Судалгааны үндэслэл
Ардчилсан төр засаг нь ардчилсан нийгмийн эрхэм үнэт зүйлс болох эрх чөлөө, тэгш эрхийг иргэддээ олгохыг гол тулгуур механизм болгодог. Энэхүү механизмын хөдөлгөгч хүчний салшгүй нэг хэсэг бол төрийн байгууллагын нээлттэй ил тод байдал юм.

“Мэдээллийн эрх чөлөө нь хүний язгуур эрх бөгөөд ... НҮБ-аас тунхагласан бусад эрх, эрх чөлөөг хэмжих үндсэн хэмжүүр мөн” хэмээн 1948 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхдугаар чуулга уулзалтын 59 дүгээр тогтоолд тунхаглажээ.

 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэйг тунхагласан. Мөн Монгол Улс нь 1961 онд НҮБ-ын гишүүн орон болж, Хүний Эрхийн Түгээмэл тунхаглалыг хүлээн зөвшөөрч, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад 1974 онд нэгдэн орсон. Эдгээр бичиг баримтын 19 дүгээр зүйлд “төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхүл уран сайхны хэлбэрээр, түүнчлэн өөрийн сонгосон бусад аргаар чөлөөтэй эрж хайх, хүлээн авах, түгээх эрхтэй” гэж мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулснаараа дээрх эрхийг хангах үүргийг олон улсын өмнө хүлээсэн билээ.

2002 онд Глоб Интернэшнл төв ТББ-аас олон улсын 19-р зүйл (ARTICLE 19) байгууллагатай хамтран хийсэн “Шилжилтийн үеийн Монгол Улсын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон мэдээллийн эрх чөлөөнд нөлөөлж буй Монгол Улсын хуулиуд” тайланд “Монгол Улсын төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй байдал хангалтгүй байгаа нь гол бэрхшээл юм” гэж дүгнэсэн байдаг.

Авлигын эсрэг хуулийг 2006 онд, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2011 онд баталсан нь дээрх Үндсэн хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх, мэдээллийг нээлттэй, ил тод болгох эрх зүйн суурь бүрэн тавигдсан.

МИТБМАЭ-ийн тухай хуульд уг хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудаас мэдээлэл хүсэгчийн эрх, үүрэг, хүсэлтэд хариу өгөх, хянан шийдвэрлэх хугацаа, давж заалдах, хариуцлага хүлээлгэх зэргийг тусгайлан заасан. Хэдийгээр төрийн байгууллагуудын хувьд мэдээллийг нийтэд ил тод байлгах үйл ажиллагаа сайжирч байгаа ч, МИТБМАЭ-ийн талаарх олон нийтийн мэдлэгийн түвшин, хэрэгжилт болон эрэлтэд тулгуурласан хэрэглээ төрийн байгууллагуудын дунд харилцан адилгүй байгаа ба авлигын түвшин болон төр засгийн хаалттай байдал иргэдийн сэтгэлийг зовниулж байна. МИТБМАЭ-ийн тухай хуулийн хүрээнд судалгааг Щвейцарийн Хөгжлийн Агентлаг, Азийн сан болон IRIM байгууллагууд төрийн байгууллагын мэдээллээ цахим болон мэдээллийн самбараар ил тод болгож буй ерөнхий төлөв байдлын талаар зарим нэг судалгаа хийж, тэдний судалгаанд орон нутгийн оролцоо маш бага байв. Судалгааны дүнгээс үзэхэд иргэдийн 9.5% нь МИТБМАЭ-ийн талаар мэдээлэлтэй байв. Гэвч энэхүү судалгаанд хуулийн хэрэгжилтийн талаар тодорхой мэдээлэл байдаггүй.

Глоб Интернэшнл Төв ТББ, Авлигатай тэмцэх газар, Ил тод байдал сан зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд тус хууль батлагдснаас хойш дор бүрнээ судалгаа, үнэлгээг хийж, сургалт явуулж, зөвлөмж хүргүүлж ирсэн. Үүний үр дүнд  хуульд заасан дөрвөн төрлийн мэдээллийг ил тод болгох ажилд ахиц гарч, хуулийн талаарх төрийн албан хаагчдын мэдлэг ойлголт ч нэмэгдэж байна.

Гэвч өнөөдрийг хүртэлх хийгдсэн үнэлгээ судалгааны ажил нь хуулийн талаарх мэдлэг, ойлголт, хуулиар заасан дөрвөн төрлийн мэдээллийг ил тод болгож байгаа арга, хэлбэр, сурталчилгаа зэрэгт хэт төвлөрсөн. МИТМАЭ-ийн тухай хуулийн хэрэгжилт болон хэрэгжилтэд саад болж буй гол хүчин зүйлүүдийг судалсан иж бүрэн судалгаа байхгүй байна. Тухайлбал иргэн, хуулийн этгээдийн зүгээс төрийн байгууллагаас мэдээлэл авах, тэдэнд мэдээлэл өгөх, тэмдэглэл хөтлөх, мэдээллийн үнэ, төлбөр, мэдээлэл өгөхтэй холбоотой гарах зардал зэрэг асуудал тусгайлан судлагдаагүй.

Иймд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилтийг судлах нь тус хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагатай байдал, ойлголт, хэрэглэж буй стандартын талаар тодорхой мэдээлэлтэй болсноор түүнд хяналт тавих, иргэдийн ашиглаж сурах, иргэдийн мэдээлэлтэй байх эрх бүрэн хангагдахад чухал ач холбогдолтой юм.