“Өдрийн сонин” найдвартай, сонирхолтой мэдээлэлтэй

Өдөр тутмын “Өдрийн сонин” хамгийн найдвартай, сонирхолтой мэдээлэл нийлүүлдэг гэж Сант Марал сангийн судалгаанд оролцсон хүмүүсийн 30 хувь нь хариулсан бол тэдний 36.9 хувь нь МАХН-ыг улс төрийн шилдэг намаар шалгаруулжээ.

Улаанбаатар, Сүхбаатар, Төв, Өвөрхангай амгийн нийт 1738 хүн 2005 оны 11 дүгээр сарын 7-14-ний хооронд энэ судалгаанд оролцсон байна. Энэ судалгааг Германы Конрад Адэнауэрийн сан санхүүжүүлжээ.

Өдөр тутмын ямар сонин хамгийн найдвартай сонирхолтой мэдээлэл нийлүүлдэг вэ? гэсэн асуултанд санал асуулгад оролцсон хүмүүсийн 30 хувь нь Өдрийн сониныг, 25 хувь нь “Зууны мэдээ”, 17 хувь нь “Өнөөдөр”, 12 хувь нь “Ардын эрх”, есөн хувь нь “Yнэн”, найман хувь нь “Монголын мэдээ” сонинг сонгосон байна.

Хэрэв маргааш сонгууль болбол та саналаа өгөх үү? гэсэн асуултанд судалгаанд оролцсон хүмүүсийн 60 хувь нь “тийм” мөн тэдний 25 хувь нь “үгүй”, 15 хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард явуулсан үүнтэй ижил судалгаанд оролцсон хүмүүсийн 76 хувь нь “тийм”, 11 хувь нь “үгүй”, 12 хувь нь мэдэхгүй гэж хариулж байжээ. Дээрх хоёр санал асуулгад оролцсон хүмүүсийн нэг хувь нь энэ асуултанд хариулаагүй байна.

Хэрэв маргааш парламентын сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ? асуултанд судалгаанд оролцсон хүмүүсийн 35 хувь нь МАХН-ын төлөө саналаа өгнө гэж хариулсан нь өмнөх судалгааны дүнгээс 15 хувиар буурсан байна. Мөн судалгаанд оролцсон хүмүүсийн 22 хувь нь бие дааж нэр дэвшсэн хүмүүсийг дэмжинэ гэж хариулсан нь өмнөх судалгааны дүнгээс 10 хувиар илүү байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 20 хувь нь Ардчилсан намыг дэмжинэ гэж хариулсан нь өмнөх судалгааны дүнгээс дөрвөн хувиар буурчээ.

Судалгаанд оролцсон хүмүүсийн 36.9 хувь нь МАХН-ыг улс төрийн шилдэг намаар тодруулсан бол 18.3 хувь нь аль ч намыг шалгаруулаагүй, 15.8 хувь нь энэ асуултанд мэдэхгүй гэж хариулсан бөгөөд 15.9 хувь нь Ардчилсан намыг, үлдсэн нь бусад намыг тодруулжээ. Өмнөх судалгаагаар санал асуулгад оролцсон хүмүүсийн 47.3 хувь нь МАХН, 25.5 хувь нь мэдэхгүй хэмээн хариулж, 15.9 хувь нь Ардчилсан нам, үлдсэн нь бусад намыг шалгаруулсан байна.

Улс төрийн намууд ард түмний санаа бодлыг илэрхийлж байгаа эсэх асуултанд судалгаанд оролцогчдын 53 хувь нь үгүй гэж хариулсан нь өмнөх судалгаанаас гурван хувиар илүү байна. Харин тийм гэж хариулсан хүмүүсийн тоо өмнөх судалгааны дүнгээс гурван хувиар буурч 16 хувь болжээ.

Өнөөгийн байдлаар Монгол улсад тулгарч байгаа нийгэм-улс төрийн юм уу эдийн засгийн ямар тулгамдсан асуудал байна вэ? гэсэн асуултанд санал асуулгад оролцогчдын 25.8 хувь нь ажилгүйдэл, 20.3 хувь нь ядуурал, 19.9 хувь нь авилга, 11.4 хувь нь боловсрол, 10.0 хувь нь бага орлого, 8.5 хувь нь амьдралын төвшин, 7.0 хувь нь архидалт, 6.4 хувь нь жижиг болон дунд бизнес, 4.5 хувь нь уурхайн салбар, 4.0 хувь нь үйлдвэрлэл гэж хариулсан байна.

Та санал асуулгын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу: Сант Марал, E-mail: SantMaral@mbox.mn, Утас:350543