2005 он гарсаар Филиппинд 10 сэтгүүлч амь насаа алдаад байна.

Олон улсын сэтгүүлчдийн холбоо 2005 оныг ”хэвлэл мэдээллийн эрх чөлөө зөрчигдсөн, сэтгэл эмзэглүүлсэн жил боллоо” гэж дүгнэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Филиппинд дахин нэг сэтгүүлч амиа алдсанаар амь үрэгдсэн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтан, сурвалжлагчийн тоо 100 давах боллоо.

2005 оны 12-р сарын 1-ний өдөр Талисай хотын Вантау Валита сонин болон Дюдд радиогийн сурвалжлагч Жорж Венажаныг үл таних этгээд буудаж амь насыг нь хороожээ. Ийнхүү сүүлийн хоёр долоо хоногийн турш Филиппинд гурван сэтгүүлч амь насаа алдаад байна.

Олон улсын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Христофор Варрен “ сэтгүүлчийн амь насыг хороосон явдал Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгсэлд учирсан хүнд гарз хохирол төдийгүй дэлхий дахинд хэвлэллийн эрх чөлөө зөрчигдөж, сэтгүүлч, хэвлэл мэдээлийн байгууллагын ажилтнуудын эсрэг хүчирхийлэл газар авч улмаар 2005 оныг сэтгэл эмзэглүүлсэн жил болгоход нөлөөлж байна” гэж мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногт Австралийн Сидней хотноо хуралдсан Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооны хурлын үеэр өнгөрсөн жилтэй харьцуулахад 2005 онд амь насаа алдсан сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтны тоо 104 болж буурсан ч сэтгүүлчийн эрхийн зөрчлийн асуудал анхаарал татсан хэвээр байна гэж дүгнэсэн байна.
Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хороо мөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтны амь насыг хороосон хэргийн буруутай эзнийг шүүхэд шилжүүлж байхыг улс орны засгийн газруудад уриалан НYБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанд өнгөрсөн сард хүргүүлсэн тогтоолын төслийг баталсан байна.

Ажил үүргээ гүйцэтгэж явсан гэм зэмгүй сэтгүүлч амь насаа алдсан тоо энэ он гарсаар 10 хүрээд байгаа Филиппин улсад 1986 оноос хойш 76 сэтгүүлч амиа алдсан ба Глория Арроуо 2001 оны 1- сард Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш амиа алдсан сэтгүүлчийн тоо 36 хүрээд байгаа юм.

Эдгээр хэргийн ихэнхэд нь гэм буруутай этгээдийг эрэн сурвалжлаагүй бөгөөд харин сэтгүүлч Венажаныг амиа алдахаас ердөө хоёрхон хоногийн өмнө Себу хотын дүүргийн шүүх 2002 оны 5-р сарын 13-нд орон нутгийн радио телевизийн сэтгүүлч Эдгар Дамалерогийн амийг хөнөөсөн явдалд цагдаагийн ажилтан Гуйлермо Вапилиег бруутай болохыг тогтоогоод байжээ.

“Филиппиний сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэхэд маш аюултай нөхцөл үүсээд байна” гэж Варрен мэдэгдээд “ Сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэг бүрийг эрэн сурвалжилж гэм буруутай этгээдийг шүүхийн өмнө аваачих хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Олон улсын сэтгүүлчдийн холбоо салбар байгууллагатайгаа идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд мөн Филиппиний Сэтгүүлчдийн Yндэсний Холбоо сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын амь насыг хамгаалахаар ажиллаж байна.

“Ерөнхийлөгч Глория Арроуогийн засаг захиргаа хүчирхийллийг дарах талаар нэн даруй, шийдвэртэй арга авах ёстой гэж “ Варрен мэдэгдсэн юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Олон улсын сэтгүүлчдийн холбооны Ази Номхон далайн салбарын 61 2 93 33 0919 утаснаас авч болно.

Олон улсын сэтгүүлчдийн холбоо дэлхийн 110 гаруй орны 500000 гаруй сэтгүүлчдийг төлөөлөн ажилладаг.