“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр-2019” тэмдэглэлээ

5 сарын 2-ны өдөр буюу өчигдөр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Глоб интернэшнл төв хамтран Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан арга хэмжээг Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгууллаа. 

Уулзалтад хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд болон судлаач, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл: Хуурамч мэдээллийн үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” сэдвээр хэлэлцлээ. Хөтөлбөрийг нээж ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд ноён Траян Лауренцю Христеа, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Филипп Мерлин нар үг хэллээ. 


Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал “Энэ жилийн ДХЭЧ-ний өдрийн сэдэв Монголын өнөөгийн байдал буюу сонгуулийн урьдач энэ цаг үетэй нийцэж байгааг олзуурхаж байна” хэмээн илтгэлдээ онцоллоо. 

Мөн энэ өдөр Глоб интернэшнл төвөөс “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олон нийтийн мэдэх эрхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж ажилласан сэтгүүлч, хэвлэл мэдээллйн байгууллагын ажилтнуудад олгодог уламжлалтай. Энэ жилийн 11 дэх удаагийн “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг  Ikon.mn вэбсайтын хамт олонд гардуулан өглөө. Шагналыг нэрт сэтгүүлч, зохиолч Х.Цэвэлээ ikon.mn сайтын ерөнхий редактор Ч.Болортуяад гардуулан өглөө. 

Ч.Болортуяа хэлэхдээ, “Нээлттэй мэдээллийг хэвлэл мэдээлэл төдийгүй олон нийт өөрсдөө ашиглаж, төр захиргааны байгууллагаа хянах, шүгэл үлээгч болох боломжтой болчихсон цаг үед бид амьдарч байна. Энэ боломжийг манай хамт олон ашигласнаараа шагнал хүртлээ” гэлээ. 


Мөн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Глоб Интернэшнл Төв хамтран Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр шог зураг, зурагт хуудасны уралдааныг хоёр дахь жилдээ зарласан. Энэ жил “Сонгуулийн саналд хуурамч мэдээлэл хэрхэн нөлөөлж байна вэ” сэдвийн хүрээнд бүтээлийг хүлээж авсан. Уралдааны тэргүүн байрыг Монгени цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Б:Уянга, дэд байр байр СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн III дамжааны оюутан Х.Ганганмөрөн, гутгаар байранд СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн II дамжааны оюутан Б.Минжин нар тус тус шалгарлаа. 

Түүнчлэн “Ардчилсан сонгууль, ардчиллын соёлд хэвлэл мэдээллийн оруулж буй хувь нэмэр”, “Цахим эрин үе согуульд хэрхэн нөлөөлж байна вэ” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Монгол Ардын Намын ЕНБД-ын зөвлөх Ц.Мөнхцэцэг, Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин, СЕХ-ны Мэдээлэл, сулагаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Т.Батболд нар оролцов. 


Мөн энэ өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Глоб Интернэшнл төв ТББ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан тус төвийн тэргүүн, үүсгэн байгуулагч Хашхүүгийн Наранжаргалыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 тушаалаар "Хүний эрхийн төлөө" хүндэт тэмдгээр шагнасныг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж өнөөдөр (2019 оны 05 дугаар сарын 02-нд) гардууллаа.

Глоб Интернэшнл Төв ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдэх эрхийн чиглэлээр сүүлийн 20 гаруй жил тасралтгүй ажиллаж, Монгол Улсад 200 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн хүний эрхийн зүтгэлтэн юм.