
Эвлэлдэн нэгдэх ба жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч, Америк дундын Хүний эрхийн Комисс (IACHR) ба уг Комиссын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний Тусгай илтгэгч, Иргэдийн болон хүний эрхийн Африкийн Комиссын Африк дахь нөхөн олговрыг зохицуулах төв ба Хүний Эрх Хамгаалагчдын асуудлаарх Тусгай илтгэгч, (ACHPR) ба ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (ODIHR);
Ардчилсан засаглалын бүрэлдэхүүн хэсэг, тайван жагсаал, цуглаан хийх эрх нь хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх арга хэрэгсэл, иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэх боломж олгодог гол эрх болохын ач холбогдлыг чухалчлан онцолж;
Тайван жагсаал, цуглаан хийх эрх нь хувь хүмүүст улс төр, нийгэм, соёлын талаарх үзэлбодол, үнэт зүйл, хэтийн төлөвөө илэрхийлэх үнэлж баршгүй боломж олгож, хүмүүст ирээдүйгээ тодорхойлох, нэгдэх бололцоо олгодог болохыг дахин нотолж;
Тайван жагсаал, цуглаан хийх эрх нь эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, нийтийн үйл хэрэгт оролцох зэрэг бусад эрхтэй холбогдож, давхцан огтлолцож, нэг нь нөгөөгөө нөхөж байдгийг онцлон дурдаж;
Ардчиллыг дэмжих, хүний эрхийг хангах үйл хэрэгт иргэний нийгэм, нийгмийн хөдөлгөөний олсон ололт амжилтууд, үүнд тайвнаар жагсах эрхээ хэрэгжүүлсний үр дүнг онцлон тэмдэглэж;
Өдгөө, дэлхий дахинд тулгамдаад буй өргөн хүрээтэй тэмцлийг манлайлан явж буй эмэгтэйчүүдийн тэргүүлсэн хөдөлгөөн, байгууллагуудын ололт амжилтыг онцлон тэмдэглэж;
Сүүлийн жилүүдэд үргэлжилж буй өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал, ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал, ардчилсан, хүртээмжтэй засаглалыг хязгаарлаж, хууль ёсыг хөсөрдүүлж, үл тоомсорлох болсонд санаа нь зовнисон жагсагчид, уур амьсгалын өөрчлөлт, авлига, иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм соёлын эрхийн зөрчлөөс үүдэн ноцтой хохирол учрах болсон зэрэгт анхаарал хандуулж;
Тайван жагсаал, цуглааныг газар сайгүй хүчээр тараах хандлага давамгайлж, хууль сахиулах салбарын албан тушаалтнууд зөвтгөх аргагүй зүй бус хүч хэрэглэх, дур зоргоор баривчлах, хүчирхийлэл үйлдэх, айлган сүрдүүлэх зэргээр зарим үед хүний эрхийг бүдүүлгээр зөрчих болсонд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж;
Тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба иргэний нийгмийн орон зай, иргэд төрийн үйл хэрэгт оролцоход үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцолгүй Ковид-19 цар тахлын тархалтыг хумих, таслан зогсоох нэрийдлээр засгийн газруудын хэрэгжүүлж буй төрөл бүрийн хязгаарлалт, олон улсад сөрөг үзэлтний дуу хоолойг дарахаар нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг урвуулан ашиглах ба хэтийдсэн арга хэрэглэх болсон нь түгшүүр төрүүлж;
Ардчилсан засаглалд сөрөг нөлөө үзүүлэх хууль тогтоомж, ялангуяа Ковид-19 цар тахлын үед тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг бүхэлд нь хориглох зэрэг үндэслэлгүй хориг хязгаарлалт тогтоосон хууль тогтоол, дүрэм журам батлагдах болсонд санаа зовниж;
Зарим орны засгийн газар тайван жагсаал, цуглааныг таслан зогсоохоор: жагсаал зохион байгуулагчид, оролцогсдод эрүүгийн, захиргааны шийтгэл ногдуулах, хэсэг бүлгээр нь зүй бус, үндэслэлгүй шийтгэх, жагсаалд оролцогсод, тэдний гэр бүлийн гишүүдийг гутаан доромжлох, айлган сүрдүүлэхдээ албан ёсны мэдэгдэл гаргах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр (ХМХ)-ээр зарлах, жагсагч эмэгтэйчүүдийг заналхийлэх, дарамтлах, хүчирхийлэх, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, жагсагчдын эсрэг мөшгих ажиллагаа явуулах, тайван жагсаал зохион байгуулахаас сэрэмжлэн интернэт орчин, долгион дамжуулалтыг хаах, жагсаалыг ажиглагчид,бусад хөндлөнгийн ажиглагч нар болон сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааг цагдан хаах, хязгаарлалт тогтоох, хүч хэрэглэх болсныг хатуу зэмлэн буруушааж;
Тайван жагсаал, цуглаан хийх үеэр турхирагч этгээдүүд хүчирхийллийн үйлдэлд уриалж, өдөөн турхирч байгаа мэдээлэлд сэтгэл түгшиж;
ХМХ-үүд, нэр нөлөө бүхий олон нийтийн зүтгэлтэн, зарим эрх баригчид тайван жагсаал, цуглааныг сөргөөр хүлээн авч, ялангуяа бусдын дуу хоолойг сонсохгүй, жагсахад хүргэсэн учир шалтгааныг арилгахгүй нөхцөлд нийгмийн хурцадмал байдал, нийгэм дэх ялгаварлан гадуурхалт даамжирч, хүчирхийлэл гаарч, хүний эрхийн зөрчил нэмэгдэх магадлалтайд санаа зовниж;
Улс орнууд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хангахын тулд хямралын үед ч тайван жагсаал хийх ээлтэй орчин бүрдүүлэх, тайван жагсаал, цуглааныг аливаа хязгаарлалтгүй чөлөөтэй зохион байгуулах арга хэмжээ авах, улмаар жагсаалыг халдлага тэр тусмаа эсэргүүцэгчдийн халдлагааас хамгаалах эерэг үүрэг хүлээдэг болохыг дахин сануулж;
Тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлах, жагсагчид, улс төрийн сөрөг үзэлтнүүдийг мөрдөн мөшгихөд шинэ технологи ашиглаж болзошгүй ба ашиглаж байгаад анхаарал хандуулахын зэрэгцээ, интернэт болон бусад мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологи нь хувь хүмүүсийн жагсаал зохион байгуулах чадварыг дэмжиж, энэ хүрээнд жагсаал хийх эрх чөлөөг хүндэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг хүлээн зөвшөөрч; НҮБын бизнес ба хүний эрхийн үндсэн зарчимд заасанчлан тухайн эрх зүйн чадамжид тулгуурлан, цахимаар цугларах эрх чөлөө эдлэх болон бусад ардчилсан эрхийг хамгаалахыг хөнгөвчлөхөд хувийн компаниуд чухал үүрэг гүйцэтгэж байгааг хүлээн зөвшөөрч;
Олон улсын хамтын нийгэмлэгийн тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн хүчин чармайлтыг сайшаан дэмжиж;
Улс орнууд ба олон улсын хамтын нийгэмлэгт хандан, тайван жагсаал, цуглаан, ялангуяа олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд заналхийлж буй аюул, улс үндэсний эдийн засгийн хөгжилд саад учруулах хэрэг бус харин илүү хүртээмжтэй, ардчилсан улс төрийг хөгжүүлэх боломж хэмээн үзэхийг уриалж;
Хүний эрхийн зөвлөлийн 15/21 тогтоолоор тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний асуудлаар Тусгай илтгэгчийн бүрэн эрхийг бий болгохын ач холбогдлыг онцолж, улмаар Хүний эрхийн зөвлөлийн 44/20 тогтоолоор тайван жагсаал, цуглаан хийх эрхэд анхаарал хандуулсан хэвээр байгаа болон энэ эрхийг олон улсын ба бүс нутгийн түвшинд сахин хамгаалахад олон чухал ажлууд хийж байгааг дурдаж, үүнд 2020 оны 7 дугаар сард Хүний эрхийн Хорооноос гаргасан 37 тоот Ерөнхий тайлбар, ЕАБХАБ/ДИХБын Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, Эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний талаарх Удирдамж, Америк дундын Хүний эрхийн Комиссоос гаргасан Эсэргүүцлийн жагсаал, цуглаан болон Хүний эрхийн талаарх тайлан, Африкийн Хүний болон иргэдийн эрхийн Комиссоос гаргасан Африк дахь эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний талаарх удирдамж зэргийг онцлон тэмдэглэж;
Улс орнууд олон улсын, бүс нутгийн хүний эрхийн механизмыг хангах байгууллагуудад урилга илгээх, айлчлалыг хамтран зохион байгуулж, жагсаал хийх эрхийн хэрэгжилтийг үнэлэх, жагсаал, цуглааныг ажиглан эрхээ эдэлж буй иргэдийн хамгаалалтыг бэхжүүлэх, хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж, эрхийн зөрчилд хариуцлага тооцохыг баталгаажуулах, олон улсын, бүс нутгийн хүний эрхийн механизмыг хангагч байгууллагууд жагсаал, цуглаан хийх эрхийг хангахын төлөө ажиллаж буй улс орнуудад тусламж үзүүлэх амлалтаа дахин нотлосныг сайшаан дэмжиж;
2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Ардчилсан засаглал ба тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай дараах Хамтарсан Тунхаглалыг баталсугай ***:
1. Ерөнхий зарчмууд:
a. Улс орон бүр тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө бол давуу эрх бус харин хүний үндсэн эрх мөн гэсэн зарчимд суурилсан арга барилыг баримтлах ёстой. Улс орнууд жагсаал, цуглаанд оролцож буй хүн бүрийн эрхийг ялгаварлан гадуурхах ямарваа нэгэн үндэслэлгүй хүндэтгэн, хангах ёстой.
б. Энэхүү эрхийг бүрэн хангах нь хэм хэмжээ байх ёстой; олон улсын эрх зүйн хүрээнд тогтоосон хязгаарлалтыг хэрэгжүүлэх шалгуур хангасан, тухайлбал, уг хязгаарлалтыг хуульд тусгаж өгсөн мөн олон улсын хүний эрхийн хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн, харьцуулан үзвээс уг ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлагатай тохиолдолд эрхийг хязгаарлаж болно.
в. Тайван жагсаал, цуглаан хийх эрх нь иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн үйл хэрэгт оролцох эрх зэрэг бусад эрхтэй салшгүй холбоотой. Тайван жагсаал, цуглаан хийх эрх нь бусад эрхийн хамтаар ардчилал, хүний эрх, хууль ёсны хэрэгжилт, олон ургальч үзлийн үнэт зүйл, зарчмыг бүрэн хангасан иргэдийн оролцоотой засаглалын тогтолцооны нэг үндэс болдог. Улс орнууд иргэд тайвнаар жагсах, цугларах хүрээнд хүний бүх эрхийг бүрэн хамгаалах ёстой.
г. Энхийн замаар эвлэлдэн нэгдэх ёстой ба “тайван” гэсэн нэр томьёог өргөн утгаар тайлбарлаж, жагсаал, цуглаанаас ангид авч үзэх боломжгүй, зайлшгүй тулгардаг өргөн хүрээг хамарсан ноцтой хүчирхийллийн хэлбэрийг энд оруулж тооцох ёсгүй.
д. Хүч хэрэглэхээс ямагт зайлсхийх ёстой ба гарцаагүй шаардлага тулгарч хүч хэрэглэх үед олон улсын хүний эрхийн хууль тогтоомж, ялангуяа хүч хэрэглэх талаарх олон улсын хэм хэмжээ, стандартын хязгаарлалтыг баримтлах ёстой.
е. Эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах нь тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хэрэгжүүлэхтэй зөрчилдөхгүй. Хямралт нөхцөл, ялангуяа нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөлийг хүний эрхийг зөрчих, иргэдийн эрх чөлөөнд зүй бус хязгаарлалт тавих шалтаг болгон ашиглах ёсгүй. Ялангуяа, жагсаал, цуглаан хийхийг бүхэлд нь хориглох нь онцгой байдлын үед ч шаардлагагүй, эрхийг зүй бусаар зөрчих магадлалтай үйлдэл юм.
ё. Хувь хүмүүс хямралын үед ч бусад цаг үетэй адил амьдралд нь нөлөөлөх шийдвэр гаргах, бодлого боловсруулахад чөлөөтэй оролцох ёстой ба; аливаа хямралт нөхцөлийг даван туулахад иргэдийн оролцоо нэн чухал байдаг ба энэ хүрээнд иргэний нийгмийг засгийн газрын чухал түнш гэж тооцох ёстой.
2.Тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хангах орчныг бүрдүүлэх нь:
a. Улс орон бүр тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг дэмжих эерэг үүрэг хүлээдэг. Энэ нь улс орнуудад тайван жагсаал, цуглааныг гуравдагч этгээдийн халдлагаас хамгаалах, иргэд жагсаал, цуглаан хийх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бусад аргаар хангахын зэрэгцээ иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох эерэг алхам хийх, мөн түүнчлэн жагсаал, цуглаанд хөндлөнгөөс хүч түрэн оролцохгүй байхыг шаардах үүрэг ногдуулдаг.
б. Ихэнх улс орнууд тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хязгаарлан хянах захиргаадалтын арга барил хэрэглэх нь бий. Улс орнууд бүр эсрэгээр нь сайшаан дэмжих арга барил хэрэглэх нь зохистой юм. Жагсаал, цуглааныг хөөж тараах, торгууль хүлээхээс сэрэмжлэхийн тулд жагсаал, цуглаан хийх албан ёсны зөвшөөрөл авах ёстой болдог дарангуйлагч дэглэмтэй улс орнуудад иргэд жагсах, цуглаан хийх эрхээ бүрэн эдлэх боломжгүй. Урьдчилан мэдэгдэл хүргүүлдэг журам нь бодит байдалд зөвшөөрөл олгодог систем шиг ажиллах ёсгүй. Хууль дүрэмд заасанчлан жагсаал зохион байгуулагчид урьдчилан мэдэгдэл хүргүүлэх ба мэдэгдлийн зорилго нь тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдлэх, бусдын эрх, эрхчөлөө, нийгмийн аюулгүй байдал, дэг журмыг сахин хамгаалах, жагсагчдыг хамгаалахад шаардлагатай зохицуулалтыг төрөөс авч хэрэгжүүлэх боломж олгоход орших ёстой. Жагсаал, цуглаан бүрийг урьдчилан төлөвлөдөггүй тул иргэд сайн дураар цугларч жагсахыг сайшаах, урьдчилан мэдэгдэл хүргэх цаг, боломж байгаагүйг харгалзах ёстой. Мэдэгдэл хүргүүлээгүй нь жагсаал, цуглааныг хууль бус гэж үзэх, хөөн тараах, оролцогсдыг баривчлах үндэслэл болох ёсгүй.
в. Жагсаал, цуглааны талаарх хууль тогтоомж нь иргэдийн жагсах, цуглах эрхийг хянахад анхаарахаас илүүтэй тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдлэх, ялангуяа эрх баригчдын зүгээс жагсаал, цуглааныг хориглох, хаан боогдуулах боломжийг хязгаарлахад чиглэгдэх ёстой.
г. Жагсаал, цуглаан зохион байгуулахад тавигдах захиргааны шаардлага хэт хатуу байх ёсгүй, эрх баригчид аливаа шийдвэр гарах үйл явц, уг үйл явцын үр дүнг олон нийтэд хүртээмжтэй, эрх зүйн хүрээнд тодорхой үндэслэлтэй тайлбарлаж, эрх зүйн маргааныг нийтэд нээлттэй байлгах ёстой.
д. Хувь хүний хариуцлага хүлээх зарчимд үргэлж хүндэтгэлтэй хандаж, тайван жагсаал, цуглаан зохион байгуулагчид, оролцогсод ямар ч тохиолдолд бусдын хууль бус үйлдлийн төлөө хариуцлага хүлээх ёсгүй.
е. Олон нийтийн өмнө хүртээмжтэй мэдээлэл түгээх үүрэг хүлээдэг ХМХ-д жагсаалыг сурвалжлах боломж олгох ёстой. Эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, бусад хүмүүс баривчлагдах, айлган сүрдүүлэг, заналхийлэл, халдлагад өртөхгүй байх, тоног төхөөрөмжөө хураалгах, гэрэл зураг, дуу, дүрс бичлэгээ хураалгах, мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа эрх нь зөрчигдөх, хязгаарлагдах ёсгүй ба үүнийг улс орон бүр баталгаажуулах ёстой. Мөн ИНБ-ууд, ялангуяа үндэсний, олон улсын хүний эрхийн байгууллагууд, анхан шатны тусламж үзүүлэх ажилтнууд жагсаалд оролцох боломж олгох ёстой. Тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдэлж буй хүмүүсийг өмгөөлдөг эрх зүйн мэргэжилтнүүд нь жагсаал, цуглаан хийх эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд амин чухал үүрэгтэй, тэд жагсаал, цуглаантай холбоотой хоригдож буй хүмүүст хууль эрх зүйн зөвлөлгөө өгснөөс үүдэн дарамт шахалт, айлган сүрдүүлэгт өртөх, баривчлагдахаас хамгаалагдах ёстой.
ё. Улс орон бүр мэдээлэл, харилцаа холбооны технологийг айлган сүрдүүлэх, мөрдөн мөшгих, иргэдийн тайван замаар жагсах, цуглах эрхээ эдлэхэд саад учруулах зорилгоор ашиглахаас татгалзах, хуурамч мэдээлэл түгээх, онилон дарамтлах, олон нийтийг мөрдөн тагнах, нүүр царай таних технологийг газар сайгүй ашиглахаас зайлсхийх ёстой.
ж. Улс орон бүр үндэстэн, арьсны өнгө, шашны ялгаварлан гадуурхалт, дайсагналцал, хүчирхийллийг өөгшүүлсэн, дайнд турхирсан ухуулга явуулах зорилготой жагсаал, цуглааныг хориглох ёстой. Хувь хүн, бүлэг этгээд ийм төрлийн үйлдэл хийхээр жагсаал, цуглаан зохион байгуулваас хариу арга хэмжээ нь зөвхөн тухайн хүн, бүлэг этгээдийн эсрэг чиглэсэн байх ёстой.
з. Улс орон бүрт ардчилал, энх тайван, хөгжил дэвшлийг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн байгууллага, хөдөлгөөн, ялангуяа, хүний эрхийн эмэгтэй хамгаалагчдын гүйцэтгэсэн үүргийг бүх нийтээр хүлээн зөвшөөрч, охид эмэгтэйчүүдийг төрийн үйл хэрэгт татан оролцуулахыг сайшаан дэмжиж, нийгэмд тогтсон ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэж, охид эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд оролцохыг хориглож, тэдний тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдлэх боломжийг хязгаарласан хандлага, хор хөнөөлтэй хэвшмэл ойлголтыг халах ёстой.
3. Жагсаал, цуглаан хийх орон зай
a. Тайван жагсах, цуглах эрх нь хүний үндсэн эрх ба энэ эрхэд нөлөөлөх бүх шийдвэрийг хувь хүн, нийгмийн ач холбогдолтой уялдуулан гаргах ёстой. Худалдаа арилжаа явуулах, хөдөлгөөний урсгалд сааад учруулах зэрэг үндэслэлээр жагсаал хийхийг хориглож, хүчээр тарааж болохгүй.
б. Нийтийн эзэмшлийн барилга байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг олон нийтэд хүртээмжтэй танхим, бусад барилгыг иргэд цугларах хууль ёсны газар гэж үзэх ёстой.
в. Улс орнууд олон нийтийн томоохон цугларалт зохион байгуулах боломжийг багасгах зорилгоор дахин төлөвлөлт хийх, хана хэрэм барих, улс төрийн онцгой ач холбогдолтой, ялангуяа, эртнээс жагсаал хийж хэвшсэн газарт нэвтрэхийг хориглох, хаах, нураах зэрэг арга хэмжээ авахаас татгалзах ёстой.
г. Орон зайг хувийн өмчлөлд авснаар тухайн орон зайд нийтийн жагсаал, цуглаан зохион байгуулахаас сэргийлэх боломжийг эзэмшигчид заавал, шууд олгодоггүй. Үүний оронд, ийм нөхцөл үүссэн үед, хэд хэдэн хүчин зүйлсийг харгалзан зохистой шийдвэр гаргах ёстой. Үүнд, тухайн орон зай нь ерөнхийдөө олон нийтэд хүртээмжтэй эсэх; нийтийн эзэмшлийн талбайг илүү өргөн хүрээнд ашиглах боломжтой эсэх; тухайн орон зай өмнө нь хувьчлагдсан нийтийн эзэмшлийн талбай байсан эсэх; эд хөрөнгийг өмчлөх эрх бусдын ашиг сонирхолтой давхцсанаас үүдэн учирч болзошгүй хөндлөнгийн оролцооны шинж чанар, хэмжээ; жагсаал, цуглаанаас үүдэн өмчлөх эрхэд маргаан үүссэн эсэх; харж, сонсож, бодит мэдээлэл авах зарчмын хүрээнд жагсаалд оролцогсдод зорилгодоо хүрэх өөр арга байгаа эсэх; тухайн орон зай нь улс төр, нийгэм, соёлын онцгой ач холбогдолтой эсэх, мөн тухайн орон зайн өмчлөлийн асуудлаар уугуул иргэдтэй маргаантай эсэх зэргийг тодруулна. Ялгаварлан гадуурхах үндэслэлээр нэвтрэхийг хориглож болохгүй.
д. Улс орнууд олон улсын хүний эрхийн хуулиар хүлээн зөвшөөрсөн бусад хууль ёсны асуудлын хүрээнд жагсаалд оролцогсод зорилтот бүлэгтээ бодит мэдээлэл хүргэх боломжтой байх нөхцөлд жагсаал, цуглаан хийх бололцоог бүрдүүлэх ёстой.
е. Тайван жагсаал, цуглаан хийх эрх нь цахим орон зай, мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглахад мөн хамаарна. Улс орон бүр тайван жагсаал, цуглаан хийхээс сэргийлэх зорилгоор интернэт орчин, нэр бүхий цахим хуудас, харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх эрхийг хориглон хязгаарлахаас татгалзвал зохино. Улс орнууд тайван жагсаал, цуглаанд оролцогсдын мэдээллийн санг бүрдүүлэхээр нийгмийн сүлжээг хянах, харилцаа холбооны технологид суурилан хяналт тавих зэрэг цахимаар цугларах эрхийг хязгаарласан арга хэмжээнээс татгалзах ёстой.
ё. Ковид-19 цар тахалтай холбоотой нийгмийн эрүүл мэндийн хямрал нүүрлэсэн энэ цагт жагсаал, цуглаанд биечлэн оролцохыг хязгаарлах боломжтой үед интернэт орчинд нэвтрэх, ашиглах бололцоог нээж өгөх нь нэн чухал юм. Үүний зэрэгцээ, интернетийг блоклох, долгион дамжуулалтыг цуцлах, цахим орчинг хянах зэрэг хязгаарлалтаас татгалзаж, улс орнууд иргэдээ интернэт хандалтад бүрэн хамруулж, үнийг боломжийн хэмжээнд байлгах тал дээр анхаарах нь зүйтэй. Улс орнууд бодлого боловсруулах үйл явцад ИНБ-ууд биечлэн оролцох боломжгүй, оролцоо дутмаг үед цахим хэлэлцүүлэгээр дамжуулан оролцох боломж бүрдүүлж баталгаажуулах нь зүйтэй. Аливаа тохиолдолд цахимаар тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хангахын тулд хувийн нууцыг хамгаалах эрхийг хүндэтгэж, бүх талаар баталгаажуулах ёстой.
4.Жагсаал хийх үеийн хууль сахиулах байгууллагын үүрэг:
a. Зөвхөн хууль ёсны, эрх зүйн зорилго агуулсан, зайлшгүй, хувь тэнцүүлэх зарчимд нийцүүлсэн, итгэл үнэмшилтэй, нотлох баримтад үндэслэсэн тохиолдолд жагсаал, цуглаанд хориг хязгаарлалт тавьж болох магадлалтай.
б. Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, хувийн нууцын эрхийг хоёуланг нь зөрчдөг учраас үе үе саатуулах, нэгжлэг хийхийг хориглодог. Хүчирхийлэл үйлдэх аюул заналхийллийн талаар гарцаагүй нотлогоотой мэдээлэл авсан үед зөвхөн түр саатуулах, нэгжлэг хийх арга хэмжээ авч болно. Ингэхдээ улс орнууд авч хэрэгжүүлж буй аливаа арга хэмжээ ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг баталгаажуулж өгөх ёстой.
в. Хууль сахиулах байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг ойлгомжтой, тодорхойхийх, хууль сахиулагч хүчний байгууллагатай жагсагчид жагсаал, цуглааны өмнө болон жагсаалын үеэр холбогдож болох тодорхой сувгийг бий болгох хэрэгтэй. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын дүрэмт хувцас, хэрэгсэл дээрээ нүдэнд харагдахуйц байдлаар албан хаагчийн хувийн дугаар, овог нэрийг бичсэн шошго хадсан байх ёстой. Жагсаал, цуглаанд энгийн хувцастай цагдаагийн албан хаагчийг зайлшгүй тохиолдолд оролцуулах ба тэд хүчирхийлэлд өдөөн турхирсан үйлдэл хэзээ ч гаргах ёсгүй. Энгийн хувцастай цагдаагийн албан хаагчид нэгжлэг хийх, баривчлах, хүч хэрэглэхийн өмнө тухайн иргэнд өөрсдийгөө танилцуулах үүрэгтэй.
г.Жагсаал, цуглааны үеэр хурцадмал байдлыг намжаах гол арга хэрэгсэл нь эвлэрүүлэн зуучлах эсвэл хэлэлцээ хийх ба өөр бусад сонголт хийхийн өмнө туршиж үзэх хэрэгтэй. Үүссэн аливаа нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахдаа хууль сахиулах байгууллагууд дүрэм журам, тушаал тогтоолыг чанд дагаж, ягштал биелүүлэх, мөн үл тэвчих хандлага үзүүлэх нь нэгэнт хурцадсан нөхцөл байдлыг улам дордуулж, олон нийтийн эмх замбараагүй байдал, тэр ч байтугай хүчирхийлэлд турхирч болзошгүйг анхаарах хэрэгтэй.
д. Хууль сахиулагчид жагсаал зохион байгуулах нөхцөл бүрдүүлэх, учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой арга хэмжээ аваагүй, жагсагчид хүчирхийлэлд өртөх нь гарцаагүй нөхцөл үүсээгүй үед жагсаал, цуглааныг хүчээр тараах ёсгүй. Өрнөж буй бодит нөхцөлийн талаар хангалттай, үнэн зөв мэдээлэл бүхий төрийн эрх баригчид, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд жагсаал, цуглааныг тараах тушаал өгөх эрхтэй. Хүчээр тараахаас өөр аргагүй нөхцөл үүсвэл, жагсагчдад чанга дуугаар зарлан мэдэгдэж, тэдэнд өөрсдөө сайн дураараа тарж явах боломжтой тодорхой хугацаа олгох ёстой. Аливаа нэг байдлаар хүч хэрэглэвэл энэ нь хууль эрх зүйн хүрээнд, зайлшгүй тохиолдолд, хэм хэмжээндээ байх зарчим баримталсан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчсэн зарчимд нийцсэн байвал зохино. Түүнчлэн, эдгээр зарчмуудыг дагаж мөрдсөнөөр хууль сахиулагчдад хүч хэрэглэхээс зайлсхийх, татгалзах урьдчилсан боломжит бүх арга хэмжээ авах, зөвхөн аргагүй тохиолдолд бага хүчээр шийдэх бололцоо олгодог. Эрх баригчдын тушаалыг тайван замаар эсэргүүцэж байгаа хүмүүсийн эсрэг хор хөнөөл, гэмтэл бэртэл учруулахуйц хүч хэрэглэх ба үхлийн аюул багатай байсан ч зэвсэг хэрэгсэл ашиглах ёсгүй.
е. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд НҮБ-аас гаргасан Хууль сахиулагчдын Ёс зүйн дүрмийн дагуу, Хууль сахиулах байгууллагын албан тушаалтны галт зэвсэг ба хүч хэрэглэх Үндсэн зарчимд нийцүүлэн мөн НҮБ-ын Хүний эрхийн асуудлаарх удирдамжид заасан үхлийн аюул багатай зэвсэг хэрэгсэл хэрэглэх тухай зааврыг баримтлаж, чанд мөрдөж ажиллах ёстой.
ё. Ковид-19 цар тахлын үе шиг нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед жагсаал, цуглааны үеэр ажиллаж байгаа хууль сахиулах байгууллагын ажилтнууд ба түр саатуулагдсан хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахын тулд эрүүл мэндийнхувийн хамгаалалтын хэрэгслээр хангах ёстой. Жагсаал, цуглаантай холбоотой нулимс асгаруулах хий ашиглах эсэх гэх мэт асуудлыг эрүүл мэндийн эрсдэл учруулах, эмзэг байдал үүсгэх зэргийг сайтар тооцон шийдвэр гаргах ёстой. Мөн хүн хоорондын зай барихад хэцүү, эрүүл мэндийн эрсдэл нэмэгдүүлэх учраас жагсагчдыг бөөнөөр баривчлахаас зайлсхийх нь нэн чухал юм.
ж. Зэвсэгт хүчнийхэн жагсаал, цуглааны үед хэв журам сахиулах ёсгүй. Зэвсэгт хүчнийхнийг цагдаагийн хэв журмын албаны цугларалтад оролцуулах зайлшгүй нөхцөл үүссэн тохиолдолд тэднийг иргэдийн дунд хэв журам сахиулах хууль хүчний байгууллагын ажилтан гэж тооцон, хууль сахиулах байгуулагын ажилтнуудад тавигддаг, дээр дурдсан бүх хэм хэмжээг мөрдөж ажиллах ёстой.
5. Олон нийтийн шаардлагад хариу өгөх үүрэг:
a. Дэлхий даяар жагсаал, цуглаанд оролцож буй бүх хүмүүс тэдний иргэний, улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын эрхийг хүндэтгэх, ардчилсан засаглал, улс төрийн оролцоо, арьс өнгө, хүйс, эрх тэгш байдлын бусад хэлбэр, нийгмийн шударга тогтолцоо, ил тод байдал, нийгмийн хариуцлагатай байдлыг хангах, цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны хор хөнөөлтэй тэмцэхийг уриалж байна. Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хангах хүрээнд улс орнуудын үүрэг нь зөвхөн энэ эрхийг хүндэтгэх төдийгөөр хязгаарлагдах ёсгүй юм. Улс орнууд жагсаал, цуглааныг хатуу хязгаарлалтгүй зохион байгуулахаас гадна иргэдийн дэвшүүлсэн уриалгын хариуд үр өгөөжтэй арга хэмжээ авах, хүний эрхийг илүү ихээр хангах ба хамгаалан бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхтэй уялдсан хууль тогтоомж, бодлогодоо өөрчлөлт оруулах дорвитой алхам хийх шаардлагатай.
б. Өнөөг хүртэл хуримтлагдаад буй нотлох баримтууд Ковид-19 цар тахлын хямрал ба хямралт үед улс орнуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь цар тахлын өмнө иргэдийг жагсахад хүргэж байсан нийгэмд шударга ёс алдагдаж, ялгавартай байдал ноёрхож, зовлон зүдгүүр нүүрлэж байсан нөхцөлийг улам дордуулсныг илтгэж байна. Улс орон бүр улам илүү ардчиллыг бэхжүүлэн хөгжүүлж, ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал бууруулан арилгахад тодорхой арга хэмжээ авах, эрчим хүчний илүү тогтвортой эх үүсвэрт шилжих замаар хэвшсэн тогтолцоог өөрчлөх, олон нийтийн шаардлагыг анхааралдаа авч, харгалзан үзэх нь нэн чухал юм.
в.Тайван жагсаал, цуглаан бол ардчилсан засаглалын гол бүрэлдэхүүн хэсэг, олон нийтийн эрх ашгийн төлөө бодлого боловсруулах үнэлж баршгүй арга барил юм. Ийнхүү хүлээн зөвшөөрсний дагуу, улс орнуудын эрх баригчид жагсах цуглаан хийх эрхийн ач холбогдлыг хүндэтгэн үзэж, мөн түүнчлэн чөлөөт, ардчилсан нийгэм, засаглалын хэлбэрийг эрхэмлэн үзэх амлалтаа олон нийтийн өмнө онцгойлон дурдаж, олон нийтийн санааг зовоосон асуудлаар хариу арга хэмжээ авахад чиглэсэн нээлттэй, зөвлөлдөх үйл явцад зохион байгуулагчид ба оролцогсодыг татан оролцуулах хэрэгтэй.
6. Эсэргүүцэн жагсах үеийн хүний эрхийн зөрчилд хариуцлага тооцох нь:
a. Улс бүхний эрх баригчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, зөрчсөн аливаа тохиолдолд хариуцлага хүлээх ёстой.
б. Жагсаалд оролцогсод нь тэдний гэр бүлийн гишүүд, сэтгүүлчид, жирийн ажиглагч нарын эсрэг хүчирхийлэх үйлдэх, хариу арга хэмжээ авах, мөн гүтгэн доромжлох аян өрнүүлэх, олон нийтийн өмнө гутаан доромжлох, дарамтлах, бүлгээр нь тандан мөшгих, жагсаал, цуглааныг хууль бусаар хориглох, хязгаарлалт тавих зэрэг тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг нь зөрчсөн эрх баригчдад хуулийн хариуцлага хүлээлгэх тодорхой, үр дүнтэй арга зам бүхий эх сувагтай байх ёстой.
в. Эрх нь зөрчигдсөн хувь хүмүүс өмгөөллийн үйлчилгээ авах боломжгүй нөхцөлд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Өргөн цар хүрээг хамарсан зөрчил гарсан тохиолдолд хор хохирлын цар хүрээний шинж чанарт тохирсон, эрх нь зөрчигдсөн нийт иргэдэд нөхөн олговор олгох боломжтой хэлбэрийг бий болгох ёстой.
г.Улс бүр хууль сахиулагчдын хүч хэрэглэх шийдвэр бүрийн араас мөрдөн шалгах үйл ажиллагаа шуурхай, ил тод, хараат бус, шударга, үр дүнтэй явуулах нөхцөлийг бүрдүүлэх ба, ялангуяа, энэ нь жагсаал, цуглаанд оролцох явцад эсвэл оролцохыг хориглох үйл явц ба чанарт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй нөхцөлд, мөн аливаа нэг хүний бие махбодид гэмтэл учруулсан, амь насаа алдсан, эсвэл жендерт суурилсан хүчирхийлэлд өртсөн үед чухал хамаатай. Албан ёсоор гомдол гаргаагүй нь эрх баригчдын зүгээс шалгахгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Хэрвээ хүч хэрэглэсэн нь хууль бус, зайлшгүй шаардлага үүсээгүй, хэм хэмжээндээ байх зарчим баримтлаагүй эсвэл олон улсын хүний эрхийн хууль, түүнчлэн хүч хэрэглэх тухай олон улсын хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хууль сахиулах байгууллагын ажилтнуудад иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн сахилгын арга хэмжээ авах ёстой.
д. Жагсаал, цуглаанд оролцогсдыг бүгдийг нь хүчирхийлэл, айлган сүрдүүлэлт, дарамт, тандан мөшгилт, сөрөг дайралтаас хамгаалах ёстой. Тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдэлж буй хүн, бүлгийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, дэмжсэн, төрийн болон бусад хэвшилд ажилладаг этгээдэд зөрчил гаргасны төлөө хариуцлага хүлээлгэх ёстой. Тайван жагсах, цуглах эрхээ эдэлж буй хувь хүмүүс ба бүлгийн эсрэг гүтгэн доромжлох аян өрнүүлэх, нийгмийн сүлжээнд дарамт шахалт үзүүлж буй этгээдийг олон нийтийн өмнө буруушаах арга хэмжээ авах ёстой.
е. Өргөн цар хүрээг хамарсан, мөн олон удаагийн жагсаал,, цуглааны эсрэг зөрчил гаргасан гэж үзвэл иргэний нийгмийн шударга, олон талт, хараат бус төлөөллийг оролцуулан, баримт нотолгоо судлах улмаар тогтолцооны шинэчлэлийн талаар зөвлөмж гаргах үүрэг бүхий хараат бус мөрдөн шалгах комисс байгуулах нь зүйтэй.
ё. Жагсаал, цуглааны үеэр эрх нь зөрчигдсөн бүх хүмүүст учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, нөхөн олговор олгох, сэтгэл ханамж ба дахин давтагдахаас сэргийлэх баталгаа олгох зэрэг цогц, үр дүнтэй арга хэмжээ авах ёстой.
Хамтарсан Тунхаглалын талаар мэдээлэл авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүсэлт гаргахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу:
- Бардиа Жебели (bjebeli@ohchr.org) НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар, НҮБ-ын Тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний асуудлаарх Тусгай илтгэгчийн ажлын алба
- Корина Легуизамон (CLeguizamon@oas.org) Америк дундын Хүний эрхийн Комисс
- Флавиа Даза (fdaza@oas.org) Америк дундын Хүний эрхийн Комиссын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх Тусгай илтгэгчийн ажлын алба
- Эстелле Нкоункоу (Nkounkoue@africa-union.org) or (au-banjul@africa-union.org) Иргэдийн болон хүний эрхийн Африкийн комисс (ACHPR)
- Катя Эндруз (katya.andrusz@odihr.pl) ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн ажлын алба (ODIHR)