“Завхан” сонин Хяналтын шатны шүүхэд хандлаа

“Завхан” сонин анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байна.
 
“Завхан” сонины 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04/267 дугаарын “Захидал задлахад” буланд нийтлэгдсэн захидал   Яруу сумын Засаг дарга О.Энхбат, ИТХ-ын дарга Ц.Дамдинсүрэн, тамгын газрын дарга Б.Цэрэннадмид, Засаг даргын орлогч Р.Баатарсүрэн, сургуулийн хичээлийн эрхлэгч Я.Цэрэннадмид, нягтлан бодогч Ө.Цэрэнлхам, цэцэрлэгийн эрхлэгч Б.Нарантуяа нарын  8 албан тушаалтан өөрсдийн нэр хүндэд халдсан гэж үзэн аймгийн Шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Эдгээр  албан тушаалтнуудаас   нэг  нь нэхэмжлэлээсээ татгалзсанаар Завхан аймгийн шүүх 7 хүнд холбогдох  иргэний хэрэг үүсгэн шалгасан байна. 

2009 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн аймгийн шүүхийн 255 дугаар шийдвэрээр хариуцагч “Завхан” сониноос нийт 9 сая төгрөг гаргуулж, Яруу сумын Засаг дарга О.Энхбат, Засаг даргын орлогч Р.Баатарсүрэн нарт тус бүр 2 сая төгрөг, бусад нэхэмжлэгч тус бүрт 1 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ. “Завхан” сонин энэ шийдвэрийг  эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргасан боловч Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн тул  Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байна.

Энэ хэрэг дээр  “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахүү өмгөөлөгчөөр ажиллаж байна.