“Завхан” сонинд холбогдох нэр төр сэргээх хэргийг хэрэгсэхгүй болголоо

“Завхан” сонинтой холбогдох нэр төр сэргээлгэж, эдийн бус гэм хорыг арилгуулахаар 9 сая төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэг жилийн дараа “Завхан” сонины ялалтаар өндөрлөв.

“Завхан” сонины 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04/267 дугаарын “Захидал задлахад” буланд нийтлэгдсэн захидалд нэр дурьдагдсан Яруу сумын ИТХ-ын дарга Ц.Дамдинсүрэн, Засаг дарга О.Энхбат, Засаг даргын орлогч Р.Баатарсүрэн, тамгын газрын дарга Б.Цэрэннадмид, цэцэрлэгийн эрхлэгч Б.Нарантуяа, сургалтын менежер Я.Цэрэндэжид, нягтлан бодогч Ө.Цэрэнлхам нарын 7 албан тушаалтан нэр төрөө сэргээлгэхээр "Завхан" сониноос 9 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан юм.

Завхан аймгийн сум дундын шүүхийн гаргасан Яруу сумын Засаг дарга О.Энхбат, Засаг даргын орлогч Р.Баатарсүрэн нарт тус бүр 2 сая, бусад нэхэмжлэгч тус бүрт 1 сая төгрөг, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 238 000 төгрөг бүгд 9 238 000 төгрөгийг “Завхан” сониноос гаргуулах, сониноороо дамжуулан няцаалт хийхийг даалгасан шийдвэрийг “Завхан” сонин эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх 2009 оны 09-р сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Завхан аймгийн сум дундын шүүхийн шийдвэр болон Давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Дээрх хэргийг дахин хэлэлцэх явцад гомдол гаргасан дээрх албан тушаалтнууд “энэ асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлгож байна” хэмээн нэхэмжлэлээсээ татгалзсанаар хэргийг хүчингүй болгосон байна.

Энэ хэрэг дээр “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахүү өмгөөлөгчөөр ажилласан юм.

“Завхан” сонин Хяналтын шатны шүүхэд хандлаа

“Завхан” сонины газарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргалаа