Мэдэх эрхийн төлөө... - Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага Пума Империал зочид буудалд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан “2010 - Мэдэх эрхийн төлөө...” сэдвийн хүрээнд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад 40 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд удирдах ажилтнууд оролцов.

Уулзалтын эхэнд “Глоб Интернэшнл” ТББ-ын  тэргүүн Х.Наранжаргал “Монголын хэвлэлийн эрх чөлөө 2009 онд” мэдээлэл хийлээ.

Манай оронд Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 2004 оноос хойш жил бүр УИХ-ын хуралдааны дэгд ордог боловч батлагдаагүй хэвээр байна. Монгол улсын 360 гаруй хуулийн 33%-д нь л мэдээлэл нээлттэй байх тухай заалт байдаг. Монголын сэтгүүлчид өнөө хэр төрийн байгууллага, албан тушаалтан, албан хаагчдаас мэдээлэл олж авч чадахгүй, төрийн байгууллагын бичиг баримтыг олж үзэх боломжгүй байгаа нь төрийн байгууллагын олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой ардчилсан зарчим алдагдаж, иргэдийн үнэн мэдээлэл олж авах эрх хөсөрдөхөд хүргэж байна. 

         “Freedom house” олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд оржээ.  “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас 2009 онд  сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчилд хийсэн судалгаанд 215 сэтгүүлч хамрагдсанаас  60,4% буюу 130  сэтгүүлч нийтлэл, нэвтрүүлгээсээ болж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан  гэсэн гомдолтой тулгарсан байна. 130 сэтгүүлчийн 50,8% буюу 66 нь сүрдүүлэг заналхийлэлд өртөж, 40% буюу 52 нь  дарамтанд орсон бол 23% буюу 30 сэтгүүлчид иргэний хэрэг үүсгэн шалгагджээ.  Албан тушаалтнууд сэтгүүлчдийг сүрдүүлж дарамтлах, эх сурвалжаа илчлэхийг албадах, мэдээлэл өгөхөөс  татгалзаж байгаа нь монголын сэтгүүлчдийн үүргээ биелүүлэх явцад тулгарч буй гол бэрхшээл юм.

Уулзалтын үеэр ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Боковагийн 2010 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдэх эрхийн төлөө...” сэдвийн дор тэмдэглэхийг дэлхийн улс орнуудад хандаж гаргасан уриалгыг монгол хэл дээр орчуулан танилцууллаа.

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова илгээлтдээ: 
  
         “Мэдээллийн эрх чөлөө” сэдэвтэй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь бид бүхний мэдэх эрхийн ач холбогдлыг эргэн санах боломж олгодог.
            Мэдээллийн эрх чөлөө нь олон нийтийн мэдээлэл хүртэх эрхийн дагуу Засгийн газар болон төрийн байгууллагуудын мэдээллийг ил тод болгож, иргэдэд мэдээлэл чөлөөтэй авах боломж олгохтой уялддаг зарчим билээ.
Мэдээллээр хангагдах эрх нь бусад үндсэн эрхүүд болон шударга ёс, хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэх суурь ач холбогдолтой юм. Түүний салшгүй хэсэг болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэдэг нь ардчиллын суурь ойлголт юм.
... Олон сэтгүүлч мэргэжлийн ажлаа эрхлэх явцдаа мэдээллийн хувьд хязгаарлагдмал нөхцөлд ажиллах нь хэвийн үзэгдэл болж, өдөр тутмынхаа үйл ажиллагаанд дарамт шахалт, мөрдөлт, айлган сүрдүүлэлт, бие махбодийн хүчирхийлэлд өртдөг байна.
НҮБ өнгөрсөн жил 77 сэтгүүлчийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хэлэлцжээ. Тэдний ихэнх нь дайн тулааны талбарт амь үрэгдсэн бус, орон нутгийн амьдралыг соён гэгээрүүлж байсан нутгийн сурвалжлагчид байв.
Би дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж буй хүн бүхэнд бидний мэдээллээр хангагдах эрх чөлөөний төлөө амь насаа зориулсан тэдгээр сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, нэг минут дуугүй зогсохыг уриалж байна.
... Би, төр засаг, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бүх хүмүүсийг мэдээллийн эрх чөлөөнд дэлхий даяар дэмжлэг үзүүлэх үйл хэрэгт ЮНЕСКО-той хүчээ нэгтгэхийг уриалж байна гэсэн байна.

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Боковагийн илгээлт бүрэн эхээр монгол хэл дээр  

“Глоб Интернэшнл” ТББ уулзалтын үеэр олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж ажилласан Завхан аймгийн “Завхан” сонины эрхлэгч Б.Мягмарсүрэн, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Х.Намуун-Уянга нарт “Үнэний төлөө” Хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгохоор болсоноо мэдэгдэж Х.Намуун-Уянгад шагналыг гардууллаа.