“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төсөл өргөн барьжээ

Монгол улсын Засгийн газар “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төсөл  боловсруулан 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр УИХ-аар хэлэлцүүлэхээр  өргөн барьжээ.

Хуулийн төсөл нь 6 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд хууль батлагдсанаар Төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, шударга, шуурхай, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг ханган, Иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн хууль санаачлагчид үзэж байна.

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төслийн үзэл баримтлал
 
“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төсөл

Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Оюун, Ц. Мөнх-Оргил, Сү.Батболд, Э.Бат-Үүл нар санаачлан 2007 оны 5-р сарын 2-нд  УИХ-д өргөн барьсан билээ.  Уг хуулийн төслийг Төрийн бус байгууллагуудын удаа дараагийн санал зөвлөмжийг үндэслэн шинээр боловсруулсан юм.

“Глоб Интернэшнл” ТББ төрийн бус 10 байгууллагатай хамтран эвсэл байгуулж   Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэ төслийг  УИХ-ын гишүүдэд танилцуулж санал солилцох, хуулийн төслийг Парламентад лоббидох бүлэг байгуулахаар зорилгоор 2009 оны 3-р сарын 11-ний өдрийн 13.30-16.00 цагт Төрийн ордны Е танхимд уулзалт зохион байгуулсан юм.

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2001 оноос “Мэдэх эрх. Мэдээллийн эрх чөлөө” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэн, мэдээллийн эрх чөлөөний мөн чанар, үзэл баримтлал, зарчмыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа юм. Үүний үр дүнд иргэдийн мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөг хангах, төрийн байгууллагын ил тод байдлыг дэмжих тухай Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан юм.