Сэтгүүлч Б.Галааридын “Мэдлэгийг мөнгө болгоё”, “Хэвлэл улс төрөөр гачигдах уу?” хоёр эмхтгэл хэвлэгджээ. Сэтгүүлч Б.Галаарид өөрийн бичиж туурвисан, орчуулж нийтэлсэн бүтээлүүдээ эмхтгэн цуврал болгон хэвлүүлж байгаа бөгөөд эхний ботиудыг өөрийн үндсэн мэргэжил болох сэтгүүл зүйн бүтээлүүдээрээ эхлүүлж байгаа аж.
“Хэвлэл улс төрөөр гачигдах уу?” хэмээх нэгэн дэвтэрт түүний 1990-ээд оны эхэн үеэс 2000 оны хүртэл бичсэн Монголын сэтгүүл зүйн шинэхэн үеийн бичлэгийн хөгжлийн түүхийг харуулахуйц янз бүрийн цаг хугацааны, янз бүрийн өнгө аястай нийтлэлүүд нь оржээ.
“Мэдлэгийг мөнгө болгоё” хоёрдугаар дэвтэрт түүний байгаль экологи, нийгэм, танин мэдэхүйн зэрэг асуудлуудыг хөндсөн нийтлэл, өгүүлэл, тэмдэглэл, сурвалжлага зэрэг сэтгүүл зүйн төрлөөр бичсэн бүтээлүүд багтсан байна.
Сэтгүүлч Б.Галааридын түүвэр бүтээлүүд Монголын сэтгүүл зүйн нэгэн зурвас үеийн өнгө төрхийг тод томруун харуулах болно.