ЮНЕСКО-гийн санаачилгаар 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын гурванд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.
ЮНЕСКО, 2011 оны Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “21-р зууны хэвлэл мэдээлэл: Шинэ хил хязгаар, Шинэ саад бэрхшээл” сэдвийн дор тэмдэглэхийг уриалж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-мүүн, НҮБ-ын хүний эрхийн комиссар Нави Пиллей, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова нар дэлхийн улс орнуудад хандан ХАМТАРСАН ИЛГЭЭЛТ гаргажээ.
Илгээлтэнд:
- Хэвлэл мэдээллийн салбар танигдахын аргагүй өөрчлөгдсөн ч зорилт хэвээр
- Мэдээлэл харилцааны шинэ технологи шинэ боломж олгосон. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зарчим адил үйлчилнэ
- Хуучин байсан хязгаарлалтын зэрэгцээ мэдээллийг шүүлтүүртэх, цагдан хянах, албадан зогсоох шинэ оролдлого
- Интернэт дэлхий даяар олон нийтийн мэдээллийн эх сурвалж болсон учир онлайн сэтгүүлчдийг хамгаалах
- Хэвлэл, агаарын долгион, онлайны талбарт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжихийг засгийн газруудад уриалав.
Түүнчлэн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдөр ЮНЕСКО, Олон улсын сэтгүүлчдийн холбооны хамтран баталсан Уэндхукийн тунхаглалын 20 жилийн ой тохиож байна.
Уэндхукийн тунхаглал нь хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн зарчмыг тунхагласан чухал баримт бичгийн нэг юм.
Тунхаглалын
“2-р зүйл. Хараат бус хэвлэл мэдээлэл гэж засгийн газар, улс төр, эдийн засгийн хувьд, мөн үйлдвэрлэл, түгээлттэй холбоотой материал, дэд бүтцээс хараат бус байхыг хэлнэ
3-р зүйл. Олон ургальч хэвлэл мэдээлэл гэж аливаа хэлбэрийн монополь алга болж, аль болох өргөн хүрээтэй санаа бодлыг илэрхийлдэг аль болох олон тооны сонин, сэтгүүл, тогтмол хэвлэлтэй байхыг хэлнэ” хэмээн заасан юм.