“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй ТВ-8 телевизийн сэтгүүлч Ж.Минжинд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Шүүхийн хуралдааны танхимд болжээ. Шүүх хуралдааныг шүүгч Т.Ариунтуяа даргалж, шүүгч Д. Даваасүрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй хийсэн байна. Хуралд хариуцагчийн талаас ТВ8 телевизийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ы.Жарденбек, сэтгүүлч Ж.Минжин нар оролцжээ.
Шүүх хуралдаан нэхэмжлэгч нар “Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэг, итгэгчид хариуцагч Ж.Минжинд холбогдох нэхэмжлэл болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн хохиролд 30 сая төгрөг, эдийн хохиролд 172,000 төгрөг (хуульчийн зөвлөгөө болон унааны зардал) гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ТВ-8 телевиз Бурханы сүмийн талаар цацагдсан мэдээлэлд залруулга хийх үүрэг хүлээснээр талууд харилцан тохиролцож эвлэрсэнээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.