"Эзэгнэгч" кино олон улсын “48 цаг” кино наадамд оролцож байна

2013 оны гуравдугаар сарын 7-10-нд болох “48 цаг” олон улсын кино наадам буюу “Filmapalooza”-д  оролцохоор “Absolute pictures” студийн М.Цэрэнсодном, П.Дэлгэрбаяр, Г.Энхбат, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын ажилтан Б.Онон нар АНУ-ын Лос-Анжелес хотын Холливудыг зорилоо.

Наадмын үйл ажиллагаа Холливудын оддын гар, хөлийн хэв байрладаг “Wall of Fame” гудамжинд орших дэлхийд алдартай “Grauman’s Chinese Theater”-т болох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 127 киног 4 өдрийн турш үзэж шилдгийн шилдэгийг  шалгаруулна.
“48 цаг Монгол 2012” бэсрэг кино наадмын шилдгээр шалгарч Олон улсын “48 цаг” кино наадамд оролцох эрх авсан “Absolute pictures” студийн "Эзэгнэгч"  кино 03-р сарын 10-ны өдрийн 13.00 цагт  /америкийн цагаар/  “Grauman’s Chinese Theater”-ийн тайзнаа гарна. 

Олон улсын кино наадмын шилдэг киног 5000 ам.доллар, 6000 ам.долларын  мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнадаг бөгөөд шилдэг 16-д багтсан  киногоор DVD гаргаж Канны олон улсын кино наадмын “Бэсрэг киноны булан”-гийн үзлэгт оролцох эрхтэй болно.

Наадмын хөтөлбөрийг http://www.48hourfilm.com/filmapalooza/ үзээрэй.