Монгол Улсад нэр төрд халдсан гэх үндэслэлээр твиттерчийг Эрүүгийн хуулиар шийтгэсэн нь хүлцэшгүй зүйл боллоо хэмээн ЕАБХАБ-ын Төлөөлөгч мэдэгдэв

Вена, 2014 оны 8 дугаар сарын 26 – Монгол Улсын шүүх нийтийн сүлжээгээр улс төрийн өндөр албан тушаалтны нэр төрд халдсан гэх үндэслэлээр твиттерчид ял ноогдуулсанд түгшиж буйгаа ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович мэдэгдэв.

“Нэр төрд халдсан хэрэгт хорих ял ногдуулж буй нь зохисгүй бөгөөд хүлээн зөвшөөрөмгүй үйлдэл юм” хэмээн Миятович илэрхийлээд “Манай байгууллага оролцогч улсууддаа хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэхийн тулд нэр төрд халдсан хэргийг Эрүүгийн хуулиар шийтгэхгүй байх талаар олон жил нөлөөллийн ажил өрнүүлж байгаа билээ.”  

8 дугаар сарын 19-нд нисэхийн салбарын мэргэжилтэй, шүүгдэгч Ц.Бат нийтийн сүлжээгээр нэр төрд халдсан хэргээр шийтгэгдсэн нь Монгол дахь анхны тохиолдол болов. Энэ хэрэг өнгөрсөн жил түүний Зам тээврийн сайдтай холбоотой бичсэн жиргээнээс үүдэлтэй юм. Батыг 3 сарын хорих ялаар шийтгэжээ. 

“Монгол нь бүс нутагтаа хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэгч загвар улсын тоонд багтдаг. Энэ хэрэг тухайн улс дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ноцтой саад болж байгаад туйлын санаа зовж байна” хэмээн Миятович хэлэв.   

ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч нь ЕАБХАБ-ын оролцогч 57 улсын хэвлэл мэдээллийн хөгжилд ажиглалт хийдэг. Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн талаар сануулга өгч, ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хүсэл зоригтой бүрэн нийцэж, дэмжин ажилладаг. 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.osce.org/fom,
Twitter: @OSCE_RFoM болон facebook.com/osce.rfom.

Эх сурвалжийг доорх холбоосоос үзнэ үү:
http://www.osce.org/fom/122969