“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба Интернэт” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна
2015 оны 11 дүгээр сарын  2-3-ны өдрүүдэд Глоб Интернэшнл Төв, Нээлттэй Нийгэм Форум болон Цахим өртөө холбоо хамтран “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба Интернэт” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Зөвлөлдөх уулзалтад бодлого боловсруулагчид, хууль тогтоогч, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл, судлаач, төр болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллагын төлөөлөл оролцоно.

Зөвлөлдөх уулзалтын үеэр олон улсын шинжээчид мэдлэг туршлагаасаа хуваалцана Оролцогчид цахим орчинд тулгамдаж буй дараах асуудлаар мэдээлэл, санал бодлоо солилцох, олон улсын хэм хэмжээнээс суралцана. Үүнд:
-    Цахим засаглал дэлхий дахины яриа хэлэлцүүлэг болох нь
-    Интернэт ба хувийн нууц
-    Мэдээлэлжсэн нийгэм байгуулах цогц хандлага
-    Нийгмийн сүлжээ ба ёс зүй
-    Нийгмийн сүлжээ ба хүний эрхэм чанар
-    Онлайн хэвлэл мэдээлэл ба өөрийн зохицуулалт
-    Цахим орчныг мөрдөн хянах ажиллагаа

Зөвлөлдөх уулзалтын үр дүнд 2015 оны тавдугаар сард зохион байгуулагдсан Онлайн эрх чөлөө Эвслийн орнуудын сайд нарын V бага хуралд Монголын иргэний нийгмийг төлөөлөн оролцогчдоос боловсруулсан зөвлөмжийг хэлэлцэн батална. Энэхүү зөвлөмжийг Монгол улсын Засгийн газарт гардуулна.