“Глоб Интернэшнл” ТББ-аас “Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь” төслийг Улаанбаатар дахь Их Британи, Умард Ирландын Вант Улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр 2008 оны 11 сарын 15-наас хэрэгжүүлж эхэллээ.
Мэдээлэл олж авах эрх нь эрүүл саруул ардчиллын үндэс бөгөөд засгийн газрын тунгалаг, ил тод байдлыг дэмжигч гол шалгуур үзүүлэлт юм. Энэ бол засгийн газрын авлигатай тэмцэх үндсэн арга хэрэглүүр билээ.
Энэ төсөл нь төрийн байгууллагаас мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх, ил тод, хариуцлагатай засгийн газрыг дэмжих зорилготой юм. Төслийн зорилт нь Мэдээллийн эрх чөлөөний хуулийг шинээр, Төрийн нууцын тухай хуулийг шинэчлэн батлуулахын төлөө нөлөөллийн болон лобби ажиллагаа явуулж, энэхүү кампанит ажилдаа иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулна.
Уг төслөөс хүлээгдэж буй үр дүн нь мэдээлэл олж авах эрхийн ач холбогдол, мөн чанарын талаар УИХ-ын гишүүдийн ойлголтыг сайжруулах, орон нутгийн удирдлагуудад мэдлэг олгож, 2012 он хүртэл бүрэн эрхийн хугацаатай шинэ УИХ-аар Мэдээллийн эрх чөлөөний хуулийг шинээр, Төрийн нууцын тухай хуулийг шинэчлэн батлуулах юм. Хуулийг батлуулах лобби, болон олон нийтийн оролцоог хөхиүлэн дэмжихийн тулд төслийн хүрээнд ажлуудаа зохион байгуулна.
Төслөөс дараах үр дүнг хүлээж байна.
1. Мэдээллийн эрх чөлөөний хуулийг шинээр, Төрийн нууцын тухай хуулийг шинэчлэн батлуулахаар УИХ дотор ажиллах Парламентын бүлэг байгуулагдана.
2. Парламентад лобби хийх, хэвлэл мэдээллийн нөлөөллийн ажил явуулах төрийн бус 10 байгууллагыг хамруулсан Нөлөөллийн сүлжээ байгуулагдана.
3. Авлигатай тэмцэхэд Мэдээллийн эрх чөлөөний гүйцэтгэх үүрэг, хуулийн төслийн үзэл баримтлал, олон улсын стандартын тухай ойлголтыг нэмэгдүүлж, боловсрол олгоно.
Төслийн хүрээнд хийгдэх арга хэмжээнүүд:
• “Авлига ба Мэдээллийн эрх чөлөө” дугуй ширээний ярилцлага
• “Төрийн байгууллагын ил тод байдал, мэдээллийн нээлттэй байдал” орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зориулсан 2 өдрийн сургалт
• “Мэдээллийн эрх чөлөө” сэдэвт УИХ-ын гишүүдэд зориулсан семинар
Гарын авлага
• “Мэдээллийн эрх чөлөө” хууль тогтоогч, боловсруулагчдад зориулсан гарын авлага