“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 9-р сарын 22-ны өдөр УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид хандан “Шударга ёсны од” төслийн хүрээнд мониторинг хийхэд зориулан 2008 оноос өнөөг хүртэлх хугацаанд батлагдсан хууль, тогтоомж, эрх зүйн бусад баримт бичиг хэлэлцсэн чуулганы дэлгэрэнгүй тэмдэглэлийг үзэх, шаардлагатай бичиг баримтыг хуулбарлан авах хүсэлт гаргасан юм.
Хүсэлтийн хариуд чуулганы дэлгэрэнгүй тэмдэглэлийг үзэх зөвшөөрөл олгосон хэдий ч тус судалгааны ажлын чухал хэсэг чуулганы дэлгэрэнгүй тэмдэглэлийн хавсралтад багтдаг санал хураалтын дүнг нэрсээр буюу тухайн хууль, тогтоомжийг батлахад дэмжсэн, татгалзсан зэрэг гишүүдийн санал өгсөн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах зөвшөөрөл олгосонгүй.
УИХ-ын нээлттэй чуулганаар хэлэлцэж буй аливаа асуудлын талаар мэдээлэл авах боломж олон нийтэд нээлттэй, тухайн чуулганы үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулдаг тул санал хураалтын дүн нь нэгэнт нийтэд ил тод болсон, нууцлах шаардлагагүй мэдээлэл юм.
Иймд “УИХ-ын чуулганы санал хураалтын дүнг нэрсээр судлах зөвшөөрөл” олгохыг УИХ-ын эрхэм гишүүн бүрт хандан 2010 оны 10-р сарын 27-ны өдөр албан бичгээр хүсэлт илгээгээд байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил 2010 оны 11-р сарын 3-ны өдөр “УИХ-ын санал хураалтын дүнг нэрсээр судлахад татгалзах зүйлгүй” болохоо хариу ирүүллээ.