2009 онд бусдын нэр төртэй холбоотой шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт судалгаа хийлээ

2009 онд  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тухай шүүхээр хянан шийдвэрлэгдсэн иргэний хэрэг, маргаан, бусдыг гүтгэсэн, доромжилсон эрүүгийн хэргүүдийг  шүүхээр  эцэслэн шийдвэрлэсэн байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулж байна.

Судалгаа хийхдээ дараах мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийлээ.
Үүнд:
            - Нийслэлийн шүүхийн архивт буй есөн дүүргийн шүүхийн баримт бичгүүд
            - 21 аймгийн шүүхээс ирүүлсэн судалгааны мэдээлэл 

Монгол Улсын хэмжээнд 2009 онд  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой нийт 45 хэрэг бүх шатны шүүх, прокурорын байгууллагаар хянан шийдвэрлэгдсэнээс эрүүгийн нэг хэрэг байна. Үүнээс  иргэний 17 хэрэгт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусдын  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэмээн хариуцагчаар татагджээ.  Харин Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлохтой холбоотой зүйлээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой хэрэг шийдвэрлэгдээгүй байна.

Улаанбаатар хотод 2009 онд  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээхтэй  холбоотой  иргэний 26 хэрэг шийдвэрлэгдсэний 13 хэрэгт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусдын  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэмээн хариуцагчаар татагдсан байна. Тодруулбал: Сүхбаатар дүүрэгт хамгийн олон буюу 9, Чингэлтэй дүүрэгт 3, Баянгол дүүрэгт нэг хэрэг шийдвэрлэсэн бол Хан -Уул, Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт ийм төрлийн хэрэг  шийдвэрлэгдээгүй байна.

Харин  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээхтэй  холбоотой   иргэний 19 хэрэг шийдвэрлэсний 4 нь  Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Орхон аймгийн  хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох хэргүүд байна.

Монгол Улсын хэмжээнд 2009 онд шийдвэрлэсэн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээхтэй холбоотой хэргүүдийг өмнөх онуудынхтай харьцуулахад  нийт хэргийн тоо өссөн бөгөөд сүүлийн 10 жилийн дотор ийм төрлийн хамгийн олон хэрэг 2009 онд шүүхээр шийдвэрлэгджээ. Харин сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах иргэний хэргийн тоо буурсан, гүтгэх, доромжлохтой холбоотой эрүүгийн хэрэг гараагүй байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой хэргээр 26 хувь хүний байгууллага  нэхэмжлэл гаргаснаас 18 нь буюу 69,2% нь төрийн албан тушаалтанууд, төрийн байгууллага байна. Харин улс төрийн намын нэг албан тушаалтан, 4 бизнесмэн, бизнесийн байгууллага, 3 иргэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төр, ажил хэргийн алдар хүнд гутаагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2009 онд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нэхэмжлэлтэй шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргүүдэд 13 сонин, нэг Телевиз хариуцагчаар татагдсан байна. Улаанбаатар хотод 10 сонин, орон нутагт гурван сонин, нэг  Телевиз тус тус хариуцагчаар татагджээ. Давтамжийн хувьд Улаанбаатар хотод  2009 онд “Өнөөдөр”, “Маш нууц”, “Ардын эрх”  сонин тус бүр хоёр удаа,   хариуцагчаар татагдсан байна. 

2009 онд нэр төрөө сэргээлгэхийг хүссэн хэргүүдийн хүрээнд хамгийн өндөр хэмжээний мөнгөн шаардлага Улаанбаатар хотод  20 000 000 /хорин сая/, орон нутагт 9 000 000  /есөн сая/ төгрөг хариуцагчаас гаргуулахыг хүссэн байна. Харин бага хэмжээний мөнгөн шаардлага Улаанбаатар хотод 1 000 000 /нэг сая/, орон нутагт 500 000 /таван зуун мянга/ төгрөг нэхэмжилжээ.

Шүүх хамгийн өндөр хэмжээний нэхэмжлэлийн шаардлагыг Улаанбаатар хотод 2 200 000 /хоёр зуун мянга/, орон нутагт 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хангахаар  шийдвэрлэсэн байна.

Шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдээс 6 хэрэгт нэхэмжлэгч заргаа авч,  8 хэрэгт эвлэрсэн бол  3 хэрэгт  хариуцагч буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл ялсан байна.   

Шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний 17 хэрэгт хариуцагчаар татагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээс зөвхөн зургаан сонин л өмгөөлөгч авсан байна.

Дүгнэлт
2009 онд Монгол улсын хэмжээнд шийдвэрлэгдсэн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээхтэй холбоотой иргэний хэргүүдэд хийсэн судалгаанд үндэслэн дараах дүгнэлт хийж байна.

            1. Нэр төр сэргээх нэхэмжлэлтэй иргэний хэргийн тоо сүүлийн 10 жилийн дотор 2009 онд хамгийн олон гарсаныг харахад ийм төрлийн хэрэг цаашдаа ч өсөх хандлагатай байна.  

         Харин 2009 онд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг иргэний хэргийн тоо буурч, эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлээгүй байна. Гэвч 2008 онд нэхэмжлэгчдийн 65 хувь нь эрх мэдэлтэн, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид байсан бол энэ тоо 2009 онд 73 хувь болж нэмэгдсэн нь Иргэний, Эрүүгийн хуулийн зохих зүйл заалтыг сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, цензур тавихад  ашиглах нь нэмэгдэж байна. 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэлийн мөнгөн шаардлагын хэмжээ, шүүхээс ногдуулж буй  торгуулийн хэмжээ жил дараалан нэмэгдэж байна. 
2008 онд торгуулийн хэмжээ нэг сая төгрөг байсан бол 2009 онд 2 сая 200 мянгад хүрсэн байна. Торгуулийн доод хэмжээ Улаанбаатарт таван зуун мянган төгрөг, хөдөө орон нутагт хоёр  зуун мянган төгрөг байгаа нь тухай хэвлэл мэдээллийн санхүүгийн байдалд бодитой хохирол учруулж болзошгүй байна. Иймд нэхэмжлэгчид  хуулийн зүйл заалтыг эдийн засгийн бодитой цензур болгон ашиглаж байна гэж дүгнэхэд хүргэж байна.

           2.  Шүүхийн шийдвэрийг авч үзвэл, ялагдсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн тоо нэмэгдэж байна. 2008 онд иргэний хэргийн 71.4%-д шүүх сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл буруутай гэсэн шийдвэр гаргасан бол 2009 онд  энэ тоо 82.4%-д  хүрчээ. Өнгөц дүгнэвэл, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл буруу ташаа мэдээлэл түгээж, бусдын нэр төрд халдсан мэт харагдавч, шүүх дээр ялалт байгуулахад нөлөөлж буй  бодит хүчин зүйлүүд байж болох юм. Нэгдүгээрт тухайн хэрэг маргаанд ялагдсан тал болох сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь давж заалдах шүүхэд хандахгүй байгаа нь бичиж нийтлүүлсэн материалын үнэн зөв болохыг нотлох үүрэг нь тэдэнд ногдож байгаатай холбоотой байж болох юм.  Хоёрдугаарт, хариуцагчаар татагдсан  17 сонины 11 нь  өмгөөлөгчгүй, эрхлэгч, албаны дарга, сэтгүүлч нь шүүх хуралд оролцсон нь тухайн асуудалд эрх зүйн мэдлэгтэй оролцох соёл дутагдаж  байж болох юм. Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн эрх зүйгээр мэргэшсэн хуульч, шүүгч, өмгөөлөгч дутмаг байгаа нь нөлөөлж байж болох юм.
Ялангуяа эрүүгийн хэрэгт авлига, зүй бус үйлдэл, нийгэмд бугшсан шударга бус явдлыг шүүмжлэн бичсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг яллахдаа тухайн нийтлэл, нэвтрүүлэгт дурьдагдсан асуудлыг шалгаж, нэр төрийг сэргээхийн оронд хэл зүйн шинжилгээ хийн дүгнэлт гаргаж шийдвэрлэж буй нь өрөөсгөл юм.  Ер нь шүүх олон нийтийн бодит эрх ашгийг бус  нэхэмжлэгчийн эрх ашгийг дээдлэх үүднээс асуудалд хандан шийдвэр гаргаж байна гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.