Хэвлэл мэдээллийн салбарын хөгжил, мэдээллийн урсгалын нягтралтай холбоотойгоор хэвлэл, мэдээллийн салбарын харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага бий болжээ. 
Нэр томъёонд харьцуулалт хийх, ажлын хэсгүүдийн уулзалтаар хэлэлцүүлэн нэр томъёог жигдрүүлэх зорилгоор шинжээчдийн баг ажилласан юм. 
Төрийн 7 байгууллага дээр ажлын хэсэг гарч ажиллан боловсруулсан болон боловсруулж буй мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний чиглэлээр 12 хуулийн төсөл, журам судалгааны хугацаанд байв. 
Үүнээс 9 төслийг /үүнээс 2 журам нь батлагдсан/ шинжээчдийн баг судаллаа. Учир нь 3 төсөл нь зөвхөн үзэл баримтлалын хэмжээнд хэлэлцэгдэж, боловсруулалт дуусаагүй байгаа учир судлах боломгүй байлаа.
Дүгнэлт
Мэдээллийн эрх зүй нь сүүлийн үеийн техник, технологийн дэвшилтэй уялдан эрх зүй бүхэл бүтэн цогц зохицуулалт бүхий салбар эрх зүй болон хөгжих хандлагатай байна. 
Судалгаанд хамрагдсан эрх зүйн актуудын төсөл болон гарсан хуулийг харахад  хэвлэл, мэдээллийн салбарын эрх зүйн зохицуулалтыг шинэ түвшинд гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь мэдрэгдэж байна. Ялангуяа мэдээ, мэдээллээр дамжин хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нөгөө талаар мэдээллийн шинэ технологи нэвтэрсэн өнөө үед  нийгэмд үүсч буй шинэлэг харилцааг зохицуулах, үүний тулд салбарын буюу төрөлжсөн /кодекс/ хууль гарах цаг нь болжээ.  
Иймд мэдээлэл, хэвлэл мэдээлэл, технологийн нэгдэн нийлэлт, он-лайн болон бусад уламжлалт хэвлэл мэдээлэл, тэдгээрийн төсөөтэй ба ялгаатай тал, харилцан хамаарал зэргээс хамааран эрх зүйн зохицуулалт, тэр дундаа эдгээр хууль эрх зүйн зохицуулалтуудыг харилцан зөрчилгүй байлгах, нэгэнт задгай буюу эмх цэгцгүй, журамлагдаагүй байсан харилцаануудыг хумиж зохицуулах, зохицуулалтын давхардал, хийдлийг бага гаргахын тулд шинжээчдийн багаас хуулийн төсөл хэлбэртэй хэлэлцэх шатанд нь нэр томъёо, зохицуулалтыг нарийвчлан харах, ажлын хэсгүүд цаашид нягт хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох, ажлын хэсгүүдийн хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж, нэр томъёо, зарчим, зохицуулалтын хүрээгээ нарийн тодорхойлох шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй байна. 
Учир нь багийн судалсан хуулийн төслүүдэд нэр томъёог давхардуулах тайлбарлах, эсхүл нэг нэр томъёог өөр өөрөөр тайлбарлах юмуу огт тайлбаргүй орхих, нэр томъёоны тайлбар, агуулга хоёр нь зөрчилдөх, эсхүл давхардах зэрэг асуудал нийтлэг байна.
Хууль зүйн техникийн талаархи онол болон заавар, аргачлалд “хуулиас доогуур хүчин чадалтай эрх зүйн акт /журам, дүрэм, заавар гэх мэт/-д нэр томъёоны тайлбар хийхгүй байх талаар дурдсан байгааг мөн анхаарах нь зүйтэй.
 “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно” гэсэн зарчим мэргэжлийн нэр томьёонд хэрэглэгдэх нь оновчгүй байна. Тухайлбал, хэвлэл, мэдээллийн салбарт  хэрэглэгддэг  сэтгүүлч, редакци зэрэг нэр томъёог  хууль бүрт өөрөөр хэрэглэвэл хууль зүйн үр дагавар /эрх, үүрэг, хариуцлага/ нь өөр өөр болох магадлалтай.  
Зөвлөмж
Хуулийн төслүүдтэй танилцаад хуулийн нэр томъёонуудад тавигддаг дараахь нийтлэг шаардлагуудыг зайлшгүй харгалзан үзэх нь зүйтэй байна. 
Үүнд: 
          - Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан  дараахь “хуулийн төсөлд тавигдах шаардлага”-ыг  нэр томъёондоо харгалзан үзэх ёстой. 
         - Тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудлыг аль болох бүрэн тусгасан байх;
         - Тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцааны хүрээнээс хальсан асуудлыг тусгахгүй байх
         - Хуулийн төсөлд тавих нэр томъёо, хэл зүйн шаардлагыг анхаарч үзэх. 
         - Нэр томъёог толь бичигт заасан утгаар илэрхийлэхийг хичээх. Олон толь бичиг үзэж ерөнхий утга санааг олж авах.
         - Үндсэн хууль, салбарын төрөлжсөн хуульд хэрэглэсэн нэр томьёог нэг мөр хэрэглэх, салбарын гол хуулиасаа ишлэл авах. 
         - Нийтлэг хэрэглэгддэг нэр томьёонууд /энгийн ойлгомжтой анхны утгаараа хэрэглэгддэг/-ыг  тайлбарлахгүй байх.  
        - Хуульд явцуу хэрэглэх /нэг утгаар ойлгох боломжгүй байдал үүсгэхээр буюу өргөн утгатай ойлголтыг тухайн хуулийн хүрээнд явцуу ойлгож хэрэглэх/-ээр тайлбар хийх
        - Мэргэжлийн тогтсон хэллэг /нэхэмжлэгч, хариуцагч, аудит/-ийг тайлбарлах шаардлагагүй. Хэвлэл мэдээллийн салбарт тогтсон хэллэг радио, телевиз гэх мэт/ 
       - Шинээр бий болж буй ойлголт, эсхүл нийтэд ойлгомжтой биш бол тайлбарлах
       - Нэг ойлголт хуулийн төсөлд  олон давтагдах бол /тогтмол шинэчлэх/
       - Нэг нэр томъёогоор өөр өөр ойлголтыг, нэг ойлголтыг өөр өөр нэр томъёогоор  нэг ойлголтыг илэрхийлэхгүй байх
       - Аливаа этгээдийн эрх, үүргийг хязгаарласан шинжтэй, эсхүл хариуцлага хүлээлгэх, маргаан үүсгэх хууль зүйн үр дагавартай     ойлголтуудыг нэр томъёоны тайлбарт оруулах.