“Глоб Интернэшнл” ТББ үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг МҮОНТВ, UBS, ТВ-5, ТВ-9, 25 суваг телевизэд хийсэн мониторингийн сүүлийн өдрүүд буюу тавдугаар сарын 18-наас 22-ны өдрийг дуустал 5 өдрийн дүнг танилцуулж байна.
Шударга сонгуулийн төлөө “Иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний хүрээнд Нээлттэй Нийгэм форумын санхүүжилтээр хийж буй энэ мониторинг нь хамгийн нөлөөтэй ХМХ болох телевиз сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн хоёр долоо хоногийн турш сонгуульд нэр дэвшигчдийн тухай мэдээллийг олон нийтэд аль хэр шударга, тэнцвэртэй, мэргэжлийн түвшинд мэдээлж буйг судлах зорилттой юм.
Мониторингийн сүүлийн таван өдөр 5 телевизийн бүгд 28011 минутын нэвтрүүлэгт ажиглалт хийснээс хоёр нэр дэвшигчийн талаарх мэдээлэл нийтдээ 2261 минут буюу /мэдээний хөтөлбөрийг тусад нь судалсан тул нийт цагт тооцогдоогүй болно/ эфирийн цагийн 8,1 хувийг эзэлж байна. Өмнөх таван өдөртэй харьцуулахад нэр дэвшигчдийн тухай мэдээллийн цаг 1,4 дахин өсчээ.
Дурьдсан хугацаанд Н.Энхбаярын тухай мэдээлэл 1207 минут буюу 53,4 хувь, Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл 1054 минут буюу 46,6 хувийг тус тус эзэлж байна. Үүнийг өмнөх таван өдөртэй харьцуулахад Н.Энхбаярын тухай мэдээлэл 1,8 дахин, Ц.Элбэгдоржийнх 1,2 дахин өссөн байна.
        Мэдээллийг  өнгө  аясаар нь үзвэл сүүлийн таван өдөрт  Н.Энхбаярын талаар  эерэг  мэдээлэл нийт мэдээллийн  ТВ 9 /93,2%/,  ТВ 5 / 67% /,  UBS / 99,9% /,  25 суваг /73,1% / -ийг эзэлж байлаа.  
 Сонгуулийн санал авах өдөр дөхөж байгаатай холбоотой нэр дэвшигчдийн талаар магтсан, сайшаан дөвийлгөсөн сурталчилгаа эрчимжихийн зэрэгцээ мэдээллийн хэлбэрт өөрчлөлт орж шууд буюу нэр дэвшигчид өөрсдөө биечлэн сурталчилгаа хийх болсноор эерэг мэдээллийн эзлэх хувь нэмэгджээ.   
Сурталчилгааны сүүлийн таван өдөрт гарсан өөрчлөлтийг телевиз тус бүрээр нь танилцуулъя.
МҮОНТВ
        МҮОНТВ-ийн  4555  минутын нэвтрүүлэгт  мониторинг  хийхэд 168 минутыг  сонгуулийн сурталчилгаанд зориулсан нь  бусад телевизээс хамгийн бага  боловч  нэр дэвшигчдэд харьцангуй тэнцвэртэй  цаг  /Н.Энхбаяр 49%, Ц.Элбэгдорж 51%/  хуваарилсан байна. Өмнөх таван өдөрт нэр дэвшигчдийн талаар мэдээлэл хэлбэрийн хувьд шууд бус буюу бусдаар яриулах хэлбэр (Н.Энхбаяр 59,1%, Ц.Элбэгдорж 93,0%)  давамгайлж байсан бол энэ таван өдөрт нийт цагийн 48,4% нь Н.Энхбаярын, 47,5% нь Ц.Элбэгдоржийн  шууд мэдээлэл болжээ.  Ц.Элбэгдоржийн талаар сөрөг  мэдээлэл нийт цагийн 37,8% байсан бол сүүлийн таван хоногт 22,1% болж буурсан байна. 
ТВ-5 телевиз 
        Өмнөх таван өдөрт нийт 5744 минутын нэвтрүүлгээс  174 минут буюу 3%-ийг сурталчилгаанд зориулсан бол дурьдсан хугацаанд 5844  минутын  нэвтрүүлгийн 475 минут буюу  8,1%-ийг зориулсан нь нэр дэвшигчдэд зориулсан цаг 2,7 дахин  нэмэгдсэнийг харуулж байна. Нэр дэвшигч бүрээр нь танилцуулбал  өмнөх таван өдрийнхөөс Н.Энхбаярын мэдээлэл  2,2 дахин, Ц.Элбэгдоржийнх  3,4  дахин өссөн ч мэдээллийн өнгө аясад  төдийлөн өөрчлөлт гараагүй  байна. Харин Н.Энхбаярын шууд мэдээлэл 1,8, Ц.Элбэгдоржийнх   4,7 дахин өсчээ. 
 
ТВ-9 телевиз
          Нийт 6007  минутын  эфирт мониторинг  хийсэн. Өмнөх долоо хоногт Н.Энхбаярын талаар мэдээллийн цаг 165 минут байсан бол дурьдсан хугацаанд 287 минут болж 1,7 дахин  өсчээ. Нийт цагийн 71,2%-ийг  эзэлж байгаа Н.Энхбаярын мэдээллийн  93,2%  нь  эерэг байна.  Харин  Ц.Элбэгдоржийн мэдээлэл  нийт  цагийн 28,8%-ийг эзэлж, үүний  76,9% нь сөрөг мэдээлэл байна. 
  
UBS телевиз
         Сонгуулийн сурталчилгааны сүүлийн таван өдөр UBS телевиз хамгийн их буюу нийт 5705  минутын эфирийн  677 минут буюу 11,8 %-ийг сурталчилгаанд зориулжээ. Үүний  469 минут (69,2%) нь  Н.Энхбаярын  тухай мэдээлэл болж өмнөх таван өдрийнхөөс 4 дахин өссөн бөгөөд  99,9% нь эерэг мэдээлэл байна.
Харин Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл өмнөх таван өдөртэй харьцуулахад  139 минутаар нэмэгдэж  эерэг мэдээлэл нь 26,6%-иар   буурсан байна.  
 
25-р суваг телевиз
        Нийт 5864 минутын эфирт мониторинг хийсний 538 минут (9,1%) нь нэр дэвшигчдийн тухай мэдээлэл байжээ. Үүнийг өмнөх таван өдөртэй харьцуулахад 281 минут ( 1.5 дахин )-аар буурчээ. Сүүлийн таван өдөрт  нэр дэвшигчдийн тухай эерэг мэдээлэл  тус бүр 1,4 %-иар  нэмэгдсэнээр эерэг болон төвийг  сахисан мэдээлэл илүү давамгайлах болсон байна. 
Мэдээний хөтөлбөр
Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр мэдээний хөтөлбөрийн тэнцвэрт байдал, мэргэжлийн түвшинг тусгайлан судалж байна.
Тайлант хугацаанд таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр нэр дэвшигчдийн тухай нийт 1338 минутын мэдээлэл цацагдсаны 55 хувь Н.Энхбаярын, 45 хувь Ц.Элбэгдоржийн тухай байна. Ц.Элбэгдоржийн талаар мэдээллийн цаг өмнөх таван өдрийнхөөс 1,6 дахин өссөнөөр тайлант хугацаанд нэр дэвшигчдийн цагийн хуваарилалт харьцангуй тэнцвэртэй болж ирсэн ч Н.Энхбаярын тухай мэдээллийн 85,8% нь эерэг, Ц.Элбэгдоржийн мэдээллийн 47,8% нь эерэг, 34% нь сөрөг байна.
МҮОНТВ-ийн мэдээний хөтөлбөрийн нэр дэвшигчдэд оноож байгаа цаг хуваарилалт нь /Н.Энхбаярт 41, Ц.Элбэгдоржид 42 минут/ ижил түвшинд байна. Харин Н.Энхбаярын тухай мэдээлэл ТВ-9 /284 минут/, UBS телевизэд /241 минут/ байгаа нь Ц.Элбэгдоржийнхоос 1,4 - 1,7 дахин илүү цаг оногдуулсаныг харуулж байна. ТВ-5 телевиз Ц.Элбэгдоржийн мэдээллийн цагийг 51 минутаар нэмсэн нь ч Н.Энхбаярын мэдээллийн цагаас 1,4%-иар бага хэвээр байна. 25 суваг телевиз Ц.Элбэгдоржид 138 минут буюу Н.Энхбаярынхаас 2,3 дахин илүү цаг хуваарилжээ.
Сурталчилгааны сүүлийн таван өдрийн мэдээний хөтөлбөрийг өмнөх таван өдөртэй харьцуулан телевиз тус бүрээр нь танилцуулъя.
          МҮОНТВ-ийн мэдээний хөтөлбөр  13-17-ны таван өдрийн  байдлаар Н.Энхбаярын талаар сөрөг мэдээлэлгүй, эерэг болон төвийг сахисан мэдээлэл цацаж Ц.Элбэгдоржийн талаар нийт мэдээллийн 72,4% нь эерэг байсан бол дурьдсан  таван өдөрт нэр дэвшигчдэд төвийг сахисан мэдээлэл илүүтэй давамгайлах болжээ.  
 
           ТВ-5 телевизийн мэдээний хөтөлбөр өмнөх таван өдөрт нэр дэвшигчдэд илт ялгавартай цаг хуваарилж байсан бол тайлант хугацаанд Ц.Элбэгдоржийн мэдээллийн цагийг 51 минутаар нэмсэн нь ч Н.Энхбаярын мэдээллийн цагаас 1,4%-иар бага хэвээр байна.  Н.Энхбаярын тухай эерэг мэдээлэл мэдээний хөтөлбөрийн  89,5% болж 23,5%-иар, харин Ц.Элбэгдоржийн тухай сөрөг мэдээлэл 65% болж 44,1%-иар нэмэгджээ    
ТВ-9 телевизийн мэдээний хөтөлбөр нэр дэвшигчдийн тухай мэдээллийн өнгө аяс, цаг хуварилалтад илт зөрүүтэй бодлого барьсан хэвээр байна. Сонгуулийн мэдээллийн 92,5% нь Н.Энхбаярын талаар эерэг, 74,2% нь Ц.Элбэгдоржийн талаар сөрөг мэдээлэл байна.
UBS телевизийн мэдээний хөтөлбөрөөр сонгуультай холбоотой мэдээллийн цаг өмнөх таван өдөртэй харьцуулахад 1,8 дахин нэмэгдсэний 58,9% нь Н.Энхбаярт оногдож байжээ. Гэсэн ч нэр дэвшигчдийн талаар эерэг мэдээлэл / Н.Энхбаярын тухай нийт мэдээллийн 89,6%, Ц.Элбэгдоржийн 83,2% эерэг/ давамгайлсан хэвээр байна.
          25-р суваг телевизийн мэдээний хөтөлбөрөөр нэр дэвшигчдийн талаар мэдээллийн цаг өмнөх таван өдөрт 2 дахин нэмэгдэж байсан бол дурьдсан хугацаанд 1,6 дахин буурчээ. Мэдээний хөтөлбөрөөр Н.Энхбаярын талаар мэдээлэл 29,6%, Ц.Элбэгдоржийн талаар  мэдээлэл 70,4% -ийг эзэлж байгаач нэр дэвшигчдийн талаар эерэг болон төвийг сахисан мэдээлэл давамгайлж байна.