Шуурхай мэдээ: Монгол Улс
Эх сурвалж: “Глоб Интернэшнл” ТББ
Огноо: 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр
2010 оны 8 сарын 27-ны орой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнууд “Нийгмийн толь” сонины толгой компьютерийг хураан авлаа. Тухайн байгууллагын бүх нууцтай холбоотой баримт материал, нууц эх сурвалжийн жагсаалт агуулсан уг компьютерийн оронд адил чанарын, ижил үнэтэй өөр компьютер өгье гэсэн боловч хүлээн авсангүй. Сонины ажилтнууд үүнийг хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй явдал хэмээн үзэж байна. Битүүмжлэх боломж олгоогүй хураалгасан компьютерт хадгалагдаж буй мэдээллийг хуулж авах хүсэлт шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид тавьсан боловч мөн л татгалзжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнууд 2009 оны 12 сарын 24-ний өдөр “Нийгмийн толь” сонины газраар Чингэлтэй дүүргийн шүүхийн гаргасан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхийн тулд ийм үйлдэл хийжээ.
2009 оны 9 сарын 1-ний өдөр “Нийгмийн толь” сонин “Уншигчийн захидал” буландаа Баян-Өлгий аймгийн иргэдийн үзэл бодлоо илэрхийлж, аймгийн засаг дарга болон тамгын газрын ажилтнуудыг хурцаар шүүмжилсэн нэргүй захидлыг нийтэлжээ.
Хүн бүр үг хэлж, хэвлэн нийтлэх эрхтэй гэдгийг Үндсэн хууль болон бусад эрх зүйн актад тунхагласан байдаг. Тус нийтлэлийн дараа нэр нь дурьдагдсан хүмүүс, тухайлбал Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавал тэргүүтэй 7 хүн нэр төр сэргээлгэх, эдийн бус гэм хохирлыг нөхөн төлүүлэх иргэний хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Чингэлтэй дүүргийн шүүх нэхэмжлэлийг авч хэлэлцээд, “Нийгмийн толь” сониныг уучлал хүссэн залруулга нийтэлж, 1 сая 698 мянган төгрөгийг нэхэмжлэгч нарт гаргуулахаар шийдвэрлэжээ. Тус сонин Нийслэлийн шүүхэд давж заалдсан боловч Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
“Нийгмийн толь” сонинд ирүүлсэн иргэдийн тэрхүү захидалд ор үндэслэлгүй зүйл байгаагүй хэмээн сонины ажилтнууд үзэж байна. Учир нь Баян-Өлгий аймгийн иргэд нэхэмжлэл гаргагч С.Хавалыг огцруулахыг шаардаж, өлсгөлөн зарлан, суулт хийж байжээ. Мөн түүний үйл ажиллагааг шүүмжилж, 3000 гаруй иргэд гарын үсэг зуран тэмцэж байгаа билээ.
Энэ үйл явдалтай холбоотой “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал 2010 оны 8 сарын 31-ний өдөр “С1” телевиз, “Өдрийн сонин”-д ярилцлага өгөв. Тэрээр, ШШГЕГ-ын сэтгүүлчийн нууц эх сурвалжид халдсан энэхүү үйлдлийг эсэргүүцэж, төрийн албан тушаалтнууд нэр төр гутаахтай холбоотой хууль тогтоомжийг цензур болгон ашиглаж буйг буруушаав.
Иргэдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгосон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрийг хариуцагчаар татаж, төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааг шүүмжилснийг шүүх буруутай гэж үзээд байвал Монгол улсад ардчилал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө жинхэнэ утгаараа хэрэгжих боломжгүй хэмээн бид үзэж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Глоб Интернэшнл ТББ
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо,
Дипломат 95 цогцолбор, 6-р орц, 70 тоот
Улаанбаатар хот
Утас: 324764, 324627 
Факс: 315326 
И-мэйл: hnaran@globeinter.org.mn 
             globenews@globeinter.org.mn 
             globe@globeinter.org.mn 
Вэб сайт: www.globeinter.org.mn  
ALERT
Authorities confiscate computer containing newspaper's confidential information
http://www.ifex.org/mongolia/