“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх нь“ төслийн хүрээнд хуульч М.Батсуурийн хийсэн “РЕДАКЦИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ: Эрх зүйн зохицуулалт ба харьцуулалт” судалгааг танилцуулж байна.
Хуульч М.Батсуурь олон улсын редакцийн хараат бус байдлын харьцуулсан судалгааг хэвлэлийн эрх чөлөө хөгжсөн Швейцар, Герман, Португали болон скандинавын эрх зүйн бүлд хамаарах Норвеги, Исланд, Швед зэрэг улсуудын зэрэгцээ шилжилт зэрэгцэн хийж буй Орос, Гурж болон Македоны эрх зүйн зохицуулалтын хүрээнд хийсэн байна.
Монгол улс дахь редакцийн хараат бус байдлын эрх зүйн орчин болон бусад улсын зарим дэвшилттэй туршлагад тулгуурлан Монгол улсад редакцийн хараат бус байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах зөвлөмжийг гаргажээ.
• Хэвлэл мэдээллийн хэрэгслийг шууд болон шууд бус байдлаар эзэмшдэг эздийн талаарх мэдээ баримтыг олон нийтэд нээлттэй байлгах, энэ талаарх зохицуулалтыг хууль тогтоомжид тусгах;
• Редакцийн бие даасан, хараат бус байдлыг хангах зохицуулалтыг хууль тогтоомжид тусгайлан оруулах. Тодруулбал, Хэвлэл мэдээллийн хэрэгслийг өмчлөгч ба редакцийн хоорондын харилцаа, эрх хэмжээг нарийн зааглан, бие биений өмнө хүлээх үүрэг болон эрх, сэтгүүлчийн үйл ажиллагаанд оролцож болохгүй байдлыг хуульчилж, хүлээх хариуцлагыг тодорхой заах (Үүнд ОХУ болон бусад улсын туршлагыг ашиглах);
• Хэвлэл мэдээллийн байгууллагын дотоод дүрэм, ёс зүйн дүрмийн эрх зүйн үндсийг тодорхойлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд өөрсдийн эдийн засгийн болон улс төрийн ашиг сонирхлын тусын тулд хэвлэл мэдээллийг зүй бусаар ашиглахаас сэргийлэх, тийм үйлдлийг хязгаарлах;
• Реклам, зар сурталчилгаа болон аливаа захиалгат мэдээллийг сэтгүүлчийн мэргэжлийн нэвтрүүлэг, мэдээнээс зааглах эрх зүйн зохицуулалтыг тусгах;
• Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн дүрэм, сэтгүүлчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих Хэвлэлийн консул, бие даасан Омбудсменыг бий болгож, эрх зүйн статус, эдлэх эрх, хүлээх үүрэг, маргаан хянан шийдвэрлэх журам зэргээр үйл ажиллагааг нь зохицуулах;
• хэвлэл мэдээллийн байгууллагын тоог, ялангуяа нийтийн өмч болох долгион ашигладаг радио, телевизийн үйл ажиллагааны зөвшөөрлийг хавтгайруулан олгох явдлаас татгалзах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тооны зохист байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх.
Үүний зэрэгцээ ойрын хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн хамтын хэлэлцээр тогтоох механизмыг ашиглан сэтгүүлчийн мэргэжлийн хараат бус, бие даасан байдлыг хангаж ажиллах нөхцлийг бүрдүүлэх хэлэлцээр хийж, дотоод дүрэм тогтоох боломжтойг дурдах нь зүйтэй. Үүнд, тухайлбал, сэтгүүлчийн хараат бус байдлыг хөндөхгүй байх үүрэг бүхий жишиг хөдөлмөрийн гэрээний загвар боловсруулан ажил олгогчоор батлуулж, ашиглах боломж байна. Мөн хөдөлмөрийн маргаан таслах комиссыг омбудсмены оронд ашиглах талаар судалж, туршлага нэвтрүүлж болно.
“РЕДАКЦИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ: Эрх зүйн зохицуулалт ба харьцуулалт” судалгааны тайланг бүрэн эхээр нь PDF хувилбараар унших боломжтой.