“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 10-р сарын 13, 14-ний өдрүүдэд орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан “Таны мэргэжлийн эрх зөрчигдвөл...” видео сургалт  зохион байгуулсан юм.  ШУТИС-ийн харъяа МХТС-ийн Зайны сургалтын төвд болсон сургалтанд Завхан, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Төв, Баянхонгор аймгийн нийт 86 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд хамрагдлаа.  
Сургалтын үеэр “Глоб Интернэшнл” ТББ-аас шинээр нэвтрүүлж эхэлсэн Өөрөө шуурхай мэдээлэх системийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж зөрчлийн мэдээлэл хүлээж авч байх байнгын бусад сувгуудыг танилцуулав. Хуульч Д.Мөнхбүрэн мэргэжлийн эрхийн зөрчлийн шалтгаан, хэлбэрүүд, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэнд хандах талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн IT зөвлөх Ц.Тайванбаатар мэргэжлийн эрхийн зөрчлөө онлайнаар хэрхэн мэдээлэх, www.globeinter.org.mn/selfalerting вэб сайтад хэрхэн ажиллах талаар практик зөвлөгөө өгсөн юм.
Орон нутгийн сэтгүүлчид өөрийн аймгийн хэвлэл мэдээллийн байдал, тулгарч буй бэрхшээлүүд, орон нутгийн эрх барих байгууллага, удирдах ажилтнууд  сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ялгавартай ханддаг талаар санал бодлоо солилцож, сонирхсон асуултандаа хариулт авлаа.