Дорнод аймгийн “Шинэ суваг” телевизэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

Дорнод аймгийн “Шинэ суваг” телевиз иргэдийн мэдээллийн дагуу “ЖИАБ” ХХК-ны үйл ажиллагаа ил тод бус байгаа талаар шүүмжлэлт мэдээ  бэлтгэн  2010 оны 8-р сарын 6, 10-ны өдөр нэвтрүүлсэнтэй холбоотой тус компаны захирал Жа Шин Шинг  Хэрлэн сумын шүүхэд хандан  2010 оны 9-р сарын 9-ний өдөр “ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх”-ийг хүсэж нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч  нэр төрөө сэргээхийн тулд “Шинэ суваг” телевизэд 1. Дорнод аймгийн бүх телевизээр залруулсан мэдээлэл цацах, 2. Телевизийн удирдлагад хуулийн дагуу арга хэмжээ авах, 3. Энэ бичлэгээ устгах, үүнээс хойш ямар нэгэн телевизээр дахин гаргахгүй гэдгийг батлах гэсэн 3 төрлийн нэхэмжлэлийн шаардлага тавьсан байна.

2010 оны 11-р сарын 18-ны өдөр хуралдсан Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд:
- Хариуцагч байгууллага “Шинэ суваг” телевиз нэхэмжлэгчийн талаар иргэдийн мэдээлэлд үндэслэн бэлтгэж гаргасан мэдээ нь нэхэмжлэгч байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, ашиг орлого нь буурч ажил хэргийн нэр хүнд нь гутаагдсан болох нь нотлогдоогүй
- “Шинэ суваг” телевизээр явуулсан мэдээ нь бодит байдалд нийцээгүй гэх боловч няцаасан баримтаа шүүхэд нотолж чадахгүй байна гэсэн үндэслэлээр  “Шинэ суваг” телевизэд холбогдох ажил хэргийн нэр хүнд гутаасныг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргалаа.

“Глоб Интернэшнл”-ын хуульч дээрх хэрэг дээр дүгнэлт гарган Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхэд хандан тайлбар хүргүүлсэн юм.