Шуурхай мэдээ: Монгол Улс
Эх сурвалж: “Глоб Интернэшнл” ТББ
Огноо: 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
“Зууны мэдээ” сонины Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч Дамдинсүрэнгийн Болормаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн тус сонины газарт иргэний хэрэг үүсгэн шалгаж байна.
“Зууны мэдээ” сонин нь 2010 оны 8 сараас хойш Монголд өрнөж байгаа хүний наймаа болон насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгөд ашиглаж байгаа талаар 20 гаруй цуврал нийтлэл, сурвалжлага бэлтгэн уншигчдын хүртээл болгоод байгаа юм. Тус сонины эрэн сурвалжлах алба болон сэтгүүлч Д.Болормаа нь сэтгүүлзүйн энэхүү цуврал эрэн сурвалжлах ажлын хүрээнд бага насны (дунд сургуулийн 14-15 насны сурагчид) охидын онгон биеийг 500 ам.доллараар худалддаг, худалдан авдаг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ байгааг илрүүлсэн юм.
Мөн энэ хэрэгт эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүс холбогдсон болохыг гэрч, хохирогчдын яриагаар баталгаажуулан, “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү гэдэг хүн үүнд холбоотой гэдгийг 2010 оны 11 дүгээр 8-ны өдрийн 267 дугаартаа “Мон-Уран”-ы Б.Наранхүү өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгагдаж эхэллээ” гарчигтайгаар нийтэлжээ.
”Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн хуулийн зөвлөх, өмгөөлөгчдийн зүгээс түүнийг энэ хэрэгт холбогдолгүй хэмээн хэвлэлийн бага хурал дээр зарлан, мөн “Зууны мэдээ” сониноос нэр хүндийн төлбөр хэмээн 3 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа тухайгаа мэдэгдлээ.
11 дүгээр сарын 10-ны өдөр энэхүү нийтлэлийг бичсэн сэтгүүлч Д.Болормаад Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргажээ. УМБГ эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн үзэж, харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.
Тус нийтлэл гарснаас хойш сэтгүүлчийг шүүх цагдаагаар далайлган сүрдүүлэх, нэр төрийг нь гутаан доромжилсон мэдээлэл тараах, утсаар айлган сүрдүүлсэн тохиолдол нэг бус удаа гарсан байна.
11 дүгээр сарын 24-нд Б.Наранхүү нэр төр сэргээлгэх, эдийн бус гэм хохирлыг нөхөн төлүүлэх иргэний хэргээр шүүхэд 3 тэрбумын нэхэмжлэлтэй гомдол гаргажээ.
Монгол улсад гэрч, хохирогчдыг хамгаалах хууль эрх зүйн орчин муу байгааг далимдуулан хэрэгт холбогдолтой охидыг болон тэдний ар гэрийнхнийг айдган сүрдүүлэх, нэр төрийг нь гутаах, мөнгө амлах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулж болзошгүй байна. Тухайлбал, гэрч охиныг Цагдаагийн байгууллагад хандсаны төлөө хүүхдийн наймааны зуучлагчид ухаан алдаж унатал зодсон байна.
“Зууны мэдээ” сонин нь “Глоб Интернэшнл” ТББ-аас сэтгүүлч Д.Болормаа болон бэлгийн мөлжлөгөд өртсөн хохирогч, гэрч охидын аюулгүй байдлыг хангах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, ажилладаг дотоодын болон олон улсын байгууллага, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжигч байгууллага, улс орнуудад хандан дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.
“Глоб Интернэшнл” ТББ сэтгүүлчийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээнүүд, үүний дотор хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Глоб Интернэшнл ТББ
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо,
Дипломат 95 цогцолбор, 6-р орц, 70 тоот
Улаанбаатар хот
Утас: 324764, 324627, Факс: 315326 
И-мэйл: hnaran@globeinter.org.mn 
globenews@globeinter.org.mn 
globe@globeinter.org.mn, 
http://www.globeinter.org.mn