“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно

Торонто хотноо төвтэй Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээ байгууллагын (IFEX) дэмжлэгтэйгээр IFEX-ийн гишүүн байгууллагууд болох  “Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан  туршлага солилцох зорилготой төсөл эхэллээ.

Төслийн хүрээнд “Сэтгүүлчид” олон нийтийн холбооны тэргүүн Марат Токоев, зохицуулагч Мери Бекешева нар  2011 оны 9 дүгээр сарын 13-наас 15 -ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлах бөгөөд туршлага солилцох хоёр өдрийн сургалт зохион байгуулна.

Эхний өдөр “Глоб Интернэшнл” ТББ нь НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлийн  шинэ механизм - UPR-ын үеэр хэрэгжүүлсэн “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төслийн хүрээнд хэрхэн ажилласан туршлага, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхийг хамгаалах зорилго бүхий өөрөө шуурхай мэдээлэх (selfalerting) онлайн мониторингийн шинэ системийнхээ талаар танилцуулна. 

Хоёр дахь өдөр Киргиз улсын төлөөлөгчид сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамгаалах кампанит ажил хэрхэн өрнүүлдэг, зөрчил гарсан үед сэтгүүлчидтэй ажилладаг туршлага, Киргиз улсын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулна.

Төслийн үр дүнд тус хоёр байгууллага Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан кампанит ажил зохион байгуулах чиглэлээр төсөл боловсруулж хамтран ажиллах юм.

Киргизийн “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо нь 1998 онд сэтгүүлчдийн санаачилгаар байгуулагдсан, хараат бус, олон нийтийн 170 гаруй мэдээллийн хэрэгслийн төлөөллийг  нэгтгэсэн төрийн бус байгууллага юм.

Тус холбоо нь үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэл, мэдээллийн  эрх чөлөөг хамгаалах, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд туслах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мониторинг хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  IFJ - Олон улсын сэтгүүлчдийн холбоо, IFEX - Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээний гишүүн байгууллага юм.

Киргизийн “Сэтгүүлчид” олон нийтийн холбооны үйл ажиллагаатай  http://www.journalist.kg дэлгэрэнгүй танилцаж болно.