Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбооны тэргүүн Марат Токоев, зохицуулагч Мери Бекешева нар 2011 оны 9 дүгээр сарын 13-наас 15 -ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчиллаа. Айлчлалын үеэр “Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын төлөөлөгчид харилцан туршлага солилцох сургалт, Монголын сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулсан юм.
Айлчлалын төгсгөлд Хамтран ажиллах санамж бичигт “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбооны тэргүүн Марат Токоев нар гарын үсэг зурав.
Санамж бичигт
• Монголын Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор Киргиз улсын Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн болон парламентын гишүүдийн Монгол улсад хийх айлчлалыг зохион байгуулах,
• “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын туршлагаар Киргиз улсад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийн зөрчлийн онлайн мониторингийн систем нэвтрүүлэх,
• монголын хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын туршлагаар Киргиз улсад хэвлэл мэдээллийн зах зээлийн судалгаа явуулахад хамтран ажиллах,
• Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн эв санааны нэгдлийг хамгаалах хамтарсан аян, кампанит ажил, хурал зохион байгуулах,
• Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан, цаашид туршлага солилцох зорилгоор харилцан айлчлал зохион байгуулах,
• Хоёр улсад хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, ялангуяа нууц эх сурвалж хамгаалах хууль эрх зүйн орчин бий болгохын төлөө хамтран ажиллах,
• Хоёр улсад үг хэлэх, үзэл бодол илэрхийлэх эрх, эрх чөлөөг харилцан дэмжиж ажиллах
зэрэг хоёр улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөгжүүлэх үйлсэд харилцан туршлага солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.
IFEX-ийн гишүүн байгууллагууд болох “Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлага солилцох энэ төслийг Торонто хотноо төвтэй Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээ байгууллагын (IFEX)-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ.
Киргизийн “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо нь 1998 онд сэтгүүлчдийн санаачилгаар байгуулагдсан, хараат бус, олон нийтийн 170 гаруй мэдээллийн хэрэгслийн төлөөллийг нэгтгэсэн төрийн бус байгууллага юм. Тус холбоо нь үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд туслах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мониторинг хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд IFJ - Олон улсын сэтгүүлчдийн холбоо, IFEX - Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээний гишүүн байгууллага юм. Киргизийн “Сэтгүүлчид” олон нийтийн холбооны үйл ажиллагаатай http://www.journalist.kg/ дэлгэрэнгүй танилцаж болно.