"Глоб Интернэшнл” ТББ, МСЭ-ийн хамтарсан мэдэгдэл

Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайханы “Монголын мэдээ” сонины үйл ажиллагаанд саад хийж, олон мянган уншигчдын эрх ашгийг хөндөн, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдалд бүдүүлгээр халдсан уг үйлдлийг Монголын Сэтгүүлчдийн Эвлэл болон “Глоб интернэшнл” ТББ эрс буруушааж байна.

“Монголын мэдээ” сонины 2012 оны 4 дүгээр сарын 13-ны дугаарт Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхантай сэтгүүлч Б.Даваагийн хийсэн ярилцлага “Долдугаар сарын 1-ний хэргийг санаатайгаар үйлдсэн болов уу гэж боддог” гэсэн гарчигтай нийтлэгджээ. Гэтэл Б.Жаргалсайхан болон түүний төлөөний хүмүүс ярилцлага авсан сэтгүүлчийг шөнөжин утсаар дарамталсаны зэрэгцээ “Монголын мэдээ” сонины редакцад нэвтэрч, сонин хэвлэгдсэн эсэхийг шалгасан, хэвлэх үйлдвэрийн гадаа машинтай хүмүүс зогсоож, сониноо авахаар ирж байгаа хүмүүсийг хянасан, худал хэлж, зарим шуудангийн салбараас “Монголын мэдээ” сониныг булаасан, худалдаж авсан зэрэг зохисгүй үйлдэл гаргажээ.

Б.Жаргалсайханы энэ үйлдлийг хэвлэлийн эрх чөлөө, олон нийтийн мэдээлэл авах язгуур эрхэнд халдсан явдал төдийгүй Монгол улсын Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлийн “Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн ... “ гэсэн заалтыг зөрчсөн ноцтой үйлдэл хэмээн үзэж байна. 

Цаашид ийм зөрчил гарсан тохиолдолд Монголын сэтгүүлчдийн эвлэл, “Глоб Интернэшнл” ТББ-д яаралтай хандан эрхээ хамгаалуулахыг хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдэд  хандан уриалж байна.

Б.Жаргалсайханы хэвлэл мэдээллийн байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдлийг хууль, хяналтын байгууллага үнэн зөвөөр шалгаж, эрх зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн найдаж байна.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл
“Глоб Интернэшнл” ТББ

Улаанбаатар хот
2012.04.16