Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав Танаа

“Өдрийн шуудан” сонины эрэн сурвалжлах албаны дарга, сэтгүүлч Б.Цоожчулуунцэцэг 2010 оны 12 дугаар сараас бичиж эхэлсэн “Банк дампууруулсан тэрбумтанууд” цуврал нийтлэлийнхээ 3 дугаарт (2010.12.9-ний өдрийн № 283/361/) “УЕП Д.Дорлигжав 827 мянган ам долларын өртэй гэв үү?” дэд гарчигтай мэдээлжээ.

Уг нийтлэлтэй холбогдуулан 2010 оны 12-р сарын 17-ны өдөр Таны туслах, УЕПГ-ын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга М.Болд “энэ нийтлэл гэмт хэргийн шинжтэй тул шалгах” хүсэлт гаргаж цагдаагийн  байгууллагад албан тоот   хүргүүлжээ.  Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэлт явуулж “эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй” гэсэн  хариу өгсөн боловч Сүхбаатар дүүргийн Прокурор 2010 оны 12-р сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Одоо сэтгүүлч  Б.Цоожчулуунцэцэг батлан даалтанд байна.

Та бол олон нийт, хэвлэл мэдээллийн хараа хяналтад байдаг, олон улсын жишгээр бол шүүмжлэлд өртөмтгий бүлэгт багтдаг төрийн өндөр албан тушаалтан билээ. Та иргэний хувьд өөрийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан  мэдээлэлд хариу өгөх эрхтэй. Танд хүссэн хэлбэрээр дээрх мэдээлэлд хариу өгөх, няцаах эрх, боломж нь ч бий. Нэр төрөө сэргээлгэхийг хүссэн бол Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу гомдол гаргах боломж Танд байсан.

Гэтэл Та Эрүүгийн  хуулийг сонгосны дээр Таны өмнөөс  Таны туслах,  УЕПГ-ын мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга М.Болд Таны хувийн нэр төртэй холбоотой асуудлаар өргөдөл гаргасанд гайхал төрүүлж байна.

Таны энэ үйлдэл сэтгүүлч Б.Цоожчулуунцэцэгийг “Дөрөв. Хүний итгэлийг хүлээж олсон мэдээллийнхээ эх сурвалжийг ямар ч тохиолдолд чанад нууцална” гэсэн  МСНЭ-ийн “Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим”, “Итгэл хүлээж олж авсан мэдээллийн уг сурвалжтай холбогдох мэргэжлийн нууцыг сэтгүүлч хадгалж байх” гэсэн Олон улсын сэтгүүлчдийн холбооны “Сэтгүүлчдийн баримтлах зарчим”-уудаа зөрчин эх сурвалжаа илчлэх  дарамт, шаардлага болохгүй гэдэгт эргэлзэж байна.

Бид, Таны өмнөөс  УЕПГ-ын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрх бүхий хэлтсийн дарга өргөдөл гаргасан нь ажил үүргээ шударгаар гүйцэтгэхэд тухайн мөрдөн байцаагчид нөлөөлөхгүй гэсэн баталгаа байхгүй гэдэгт санаа зовж байна. 

Эрүүгийн хуулийн зүйл заалтыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг айлган сүрдүүлэх, дарамтлах цензур болгон ашиглаж байгаа Таны энэ үйлдэл “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тавихыг хориглох” Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчиж байгаа юм. Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх нь Эрүүгийн хуулийн 139-р зүйлд зааснаар гэмт хэрэг болохыг Та бэлхнээ мэдэж  буй гэж бодож байна.

2000 оны 12-р сарын 1-нд НҮБ-аас гаргасан Тунхагт “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” сануулсан. Энэ уриалгыг хүлээн зөвшөөрч олон орон Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг  хасч, зарим орон гүтгэлгийн хэргээр хорих ялаас татгалзаад байна. Хэвлэлийн эрх чөлөөг дээдлэгч Монгол улс ч удахгүй энэ уриалгыг хүлээж авна гэдэгт бид итгэдэг. Таныг нэр хүндтэй хуульчийн хувьд энэ санаачилгыг дэмжинэ гэдэгт найдаж байна.

Учир нь манай оронд нийгэмд нэр нөлөө бүхий өндөр албан тушаалтан, хөрөнгө мөнгөтэй баячууд сэтгүүлчийг шүүмжлэлт нийтлэл бичсэнийх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэг нэмэгдэж  буй нь эрүүл саруул нийгэм төлөвшихөд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон нийтийн “хоточ нохой” байх үүргээ биелүүлэхэд нь ноцтой саад тотгор учруулж,  цензурыг өөгшүүлэн  ард түмний үнэнийг олж мэдэх эрхийг хөсөрдүүлэх явдал байнга тохиолддог. 

Чөлөөт, хараат бус хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний мөн чанар, ач холбогдол, түүний ардчилалд оруулах хувь нэмэр Таны хувийн нэр төрөөс илүү жинтэй болохыг ардчиллын үнэт зүйлсийг дээдлэгч, тэмцэгч Та ухамсарлан ойлгоно гэдэгт бид найдаж  байна.

Танд энэ хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалтын  хүрээнд шийдвэрлүүлэх боломж бий гэдгийг дахин сануулъя.

Бид сэтгүүлчийнхээ мэргэжлийн эрхийг хамгаалахын тулд олон нийтийн кампанит ажил зохиохоор төлөвлөж байсан боловч Таныг эрхэлж буй албан тушаал, ардчилал хүний эрхийн төлөө  тэмцэгчийн хувьд хүндэтгэн эхлээд өөрт тань хандахаар шийдлээ.

“Глоб Интернэшнл” 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.