Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Танаа

Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг 2010 оны 3 дугаар сарын 1-ний “Өдрийн сонин”-ы 48, 49 дугаарт “Нэгдлээс задрал руу” нийтлэл бичжээ. Та уг нийтлэлд дурьдагдсан мэдээллийг үндэслэн Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан байна.

Та бол олон нийт, хэвлэл мэдээллийн хараа хяналтад байдаг, олон улсын жишгээр бол шүүмжлэлд өртөмтгий бүлэгт багтдаг төрийн өндөр албан тушаалтан билээ. Та иргэний хувьд өөрийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд хариу өгөх эрхтэй. Танд хүссэн хэлбэрээр дээрх мэдээлэлд хариу өгөх, няцаах эрх, боломж нь ч бий. Нэр төрөө сэргээлгэхийг хүсвэл Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу гомдол гаргах боломжтой.

2000 оны 12-р сарын 1-нд НҮБ-аас гаргасан Тунхаглалд “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” сануулсан байдаг. Энэ уриалгыг хүлээн зөвшөөрч олон орон Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг  хасч, зарим орон гүтгэлгийн хэргээр хорих ялаас татгалзаад байна.

Таны энэ үйлдэл эрүүгийн хуулийн зүйл заалтыг ашиглан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг айлган сүрдүүлэх, дарамтлах цензур болон хувирч болзошгүй бөгөөд энэ утгаараа “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тавихыг хориглох” Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3-р заалтыг зөрчиж ч болох юм.

Чөлөөт, хараат бус хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний мөн чанар, ач холбогдол, түүний ардчилалд оруулах хувь нэмэр Таны хувийн нэр төрөөс илүү жинтэй болохыг ардчиллын үнэт зүйлсийг дээдлэгч, тэмцэгч Та ухамсарлан ойлгоно гэдэгт бид найдаж  байна.

Хэвлэлийн эрх чөлөөг дээдлэгч Монгол улс ч удахгүй НҮБ-ын уриалгыг хүлээж авна гэдэгт бид итгэдэг. Ийм ч учраас манай байгууллага хууль тогтоох байгууллагыг гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтаа Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Эрүүгийн хуулиас хасч, төрийн өндөр албан тушаалтнуудыг олны нүдэнд ил байдаг бүлгийн хувьд аливаа шүүмжлэлд хүлээцтэй хандахыг үргэлж уриалж байдаг юм.

Таныг нэр хүндтэй албан тушаалтан, ардчиллын төлөө тэмцэгчийн хувьд энэ санаачилгыг дэмжиж, хэргээ Иргэний хууль, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлүүлнэ гэдэгт найдаж байна.

“Глоб Интернэшнл” 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.