“AСУУЯ!” кампанит ажил эхэллээ

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага “AСУУЯ!” кампанит ажил өрнүүлж байна. Кампанит ажил нь хүний нэр төртэй холбоотой гомдлыг эрүүгийн хуулиар хүлээн авч шийдвэрлэхийн эсрэг  улс төрчдийн хүсэл зоригийг тандах зорилготой юм.

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-д илгээсэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлийг Нью Йорк хотноо 2011 оны 3-р сарын 14-нөөс 4-р сарын 1-ний хооронд болсон  Хүний эрхийн хорооны  101 дэх хуралдаанаар хэлэлцсэн билээ. Хүний эрхийн хороо уг Пактын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан 19 дүгээр зүйлийг хэрхэн хэрэгжүүлж байгаад үнэлэлт дүгнэлт өгөхдөө “Сэтгүүлч, түүний гэр бүлийнхэнд, сүрдүүлж заналхийлэх, халдах тохиолдол байнга гардаг..., мөн төрийн алба хаагчийг шүүмжилсэн сэтгүүлчийг хүний нэр төр, алдар хүндэд халдсан хэрэгт буруутгаж, ялладагт харамсаж байна” гээд Монгол улсын Засгийн газарт хандан “Нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс хасч, сэтгүүлчийг аливаа сүрдүүлэг заналхийлэл, халдлагаас хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авах”-ыг  зөвлөсөн юм.

НҮБ-ын 2000 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гаргасан Тунхаглалд гишүүн орнуудыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа эргэн нягталж, олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг сануулсан. НҮБ-ын энэ тунхаглалыг хүлээн зөвшөөрсөн Их Британи, Шотланд, Ирланд, Украин, Босни-Герцеговини, Кипр, Монтенегро, Молдов, Армен, Румын, Эстони, АНУ (холбооны түвшинд), Киргиз, Гүрж, Гана, Того, Шри-Ланка, Норвеги зэрэг  улсууд, мөн Европын Холбооны Зөвлөл 2007 онд, Оросын Холбооны улс 2011 оны 11-р сарын 1-нд өдөр Эрүүгийн хуулиасаа тухайн заалтыг халсан байна. 

“АСУУЯ!” кампанит ажлыг дэмжиж байгаа хэн боловч дараах хаягаар хандаарай.  

Асууя! Кампанит ажил
http://www.facebook.com/asuuya like дарах буюу 

 “Эрүүгийн хуулиас гүтгэлэг,  доромжлолтой холбоотой заалтыг хална” гэсэн мессежийг

твиттерийн 
https://twitter.com/#!/globeinternat

утас  99035470, 99193327 

Имэйл хаягаар
globemon@gmail.com илгээгээрэй.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн амлалт шинээр байгуулагдах Монгол улсын Их хурал, Засгийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг улам баталгаажуулахын тулд НҮБ-ын Хүний эрхийн хорооны зөвлөмжийн дагуу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан ийм төрлийн гомдлыг Иргэний хуулиар шийдвэрлэх алхам болно гэдэгт  найдаж байна.

Эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой
110, 111 дүгээр заалтыг халах 10 шалтгаан

Эрүүгийн хуулийн энэ  заалт:

1. Aрдчилсан нийгмийн суурь зарчмын нэг - хүний язгуур эрх, мөн хүн бүрийн хөгжих үндсэн нөхцөл болсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарладаг.

2. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэндээ эрүүгийн ял ногдуулах нь Үндсэн хуульд харшилж,  Монгол Улс НҮБ болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлдэггүйн  тод жишээ болдог.

3. Иргэдэд айдас бий болгож, олон ургальч үзлийг хязгаарлан, шударга, эрүүл саруул нийгмийн хөгжилд чөдөр болдог.

4. Жирийн иргэдээс илүү эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүст хуулийн хамгаалалт бий болгож,  шударга шүүмжлэлийг няцаах, саармагжуулах боломж олгодог.

5. Олон нийтийн нэрийн өмнөөс ажилладаг сэтгүүлчдэд  айдас хүйдэс төрүүлсэнээр өөрийн цензурыг өөгшүүлж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг хязгаарладаг.

6. Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилж, олон түмний бодит мэдээлэлтэй байх, үнэнийг мэдэх эрхийг хөсөрдүүлдэг.

7. Олон улсын байгууллагууд Монгол Улсыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй, мэдэгдэхүйц асуудалтай  орны нэгд тооцоход нөлөөлдөг.

8. Олон улсын хэм хэмжээ, эрх  зүйгээр гүтгэлэг, доромжлолтой холбоотой нэр төр гутаах асуудлыг иргэд хоорондын маргаан гэж үзэж, иргэний хуулиар шийдвэрлэдэг.

9. 2011 оны 3-р сард Нью Йорк хотноо болсон  НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлийг хэлэлцээд Хүний эрхийн хороо Монгол улсын Засгийн газарт хандан нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс халахыг  зөвлөсөн.

10. 2000 оны 12-р сарын 1-нд батлагдсан НҮБ-ын Тунхаглалаар “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” уриалсан.