“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүй” сэдэвт шүүгчдэд зориулсан сургалт болно

“Глоб Интернэшнл” ТББ, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Отгонтэнгэр Их Сургууль хамтран “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүй” сэдэвт шүүгчдэд зориулсан нэг өдрийн сургалтыг 2012 оны 09 дүгээр сарын 25-нд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд зохион байгуулна. 

Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хорооны Улс төрийн эрхийн ажлын хэсгийн төлөвлөгөөнд хуульчдад зориулсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх зүйн сэдэвт кредиттэй цуврал сургалт зохион байгуулахаар тусгагдсан.

Цуврал сургалтууд нь “Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь” төслийн хүрээнд хийгдэж байна.

Шударга ёс, ардчиллыг хөхиүлэн дэмжихийн тулд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх хуульчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахад төслийн зорилго оршино.
Уг төслийн хүрээнд 2012 оны 6 дугаар сард өмгөөлөгчдөд зориулсан сургалтыг хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэшсэн АНУ-ын хуульч, профессор Сигурд Соренсон удирдан явуулсан юм.

Шүүгчдэд зориулсан кредит олгох сургалтыг АНУ-ын хуульч Даниэл Байрон удирдан явуулах ба дүүрэг, нийслэл болон Улсын дээд шүүхээс нийт 20 гаруй шүүгч, хууль зүйн багш нар, хуульчид оролцоно.

Шүүгчдэд зориулсан уг сургалтад Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн өнөөгийн байдал, АНУ-ын хууль, Европын хүний эрхийн шүүх, НҮБ-ын хэм хэмжээ, АНУ болон Монголын сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал хийгээд сэтгүүлчийн үйл ажиллагаан дахь эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвийг хамарна.