“Глоб Интернэшнл” ТББ нь Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр “Хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь. Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг хийх, эрх зүйн туслалцаа үзүүлэх” төслийг 2013 оны 1-р сарын 1-нээс хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр эхэллээ.
Энэ төсөл нь “Глоб Интернэшнл” ТББ-ын Нээлттэй нийгэм форум, Нээлттэй Нийгэм Сан (Open Society Foundation)-гийн Хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2005 оны 10 дугаар сараас хэрэгжүүлсэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчилд мониторинг хийх төслийн үргэлжлэл юм.
2013-2014 онд хэрэгжүүлэх “Хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг хийх, эрх зүйн туслалцаа үзүүлэх” төсөл нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжлийн эрхийн зөрчилд мониторинг хийснээр тэдний эрх, хараат бус байдлыг хамгаалах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Төслийн зорилт:
1. Онлайн мониторингийн тогтвортой системээр дамжуулан сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчлийн тухай мэдээллийг олон нийтэд түгээж, нөлөөллийн кампанит ажил зохион байгуулах
2. Мэргэжлийн эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдэд эрх зүйн тусламж үзүүлж, тэднийг хамгаалах
3. Хөдөө орон нутгийн өмгөөлөгчдөд сэтгүүлчдийг өмгөөлөх чадвар эзэмшүүлэх
Төслийн үйл ажиллагаа
Төсөл нь дэвшүүлж буй зорилтуудын хүрээнд дараах үйл ажиллагааг явуулна:
1. Өөрөө шуурхай мэдээлэх “self-alerting” онлайн мониторингийн системээр дамжуулж сэтгүүлчдийн эрхийн зөрчилд мониторинг хийх, зөрчлийн тухай мэдээллийг олон нийтэд түгээх
- Сэтгүүлчдээс ирсэн мэдээллийг шалгах, боловсруулах, түгээх
“Глоб Интернэшнл”-ийн шуурхай мэдээний зохицуулагч шинэ системийг ажиллуулан, хандалт, мэдээлэл бүрт хариу өгч, өөр бусад эх сурвалжаар баталгаажуулан, хуульчийн тусламжтайгаар эрх зүйн ангилал хийж, шуурхай мэдээ боловсруулан, дотоодын болон олон улсын сүлжээгээр түгээнэ.
Онлайн шинэ систем шуурхай мэдээний зохицуулагчийн Yahoo мессенжерийн alert_mon@yahoo.com , Facebook-тэй шууд холбоотой бөгөөд мессенжер нээлттэй тохиолдолд, системээр дамжуулж санал бодлоо хуваалцах, зөвлөгөө авах боломжтой юм.
Шинэ онлайн систем нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тохиолддог далд зөрчлүүдийг илрүүлэх боломжтой бөгөөд хэмнэлттэй, түргэн шуурхай, нууц эх сурвалж илчлэгдэхгүй байх давуу талтай юм.
Онлайн систем ашиглах боломжгүй сэтгүүлчид мессеж, цахим шуудангаар “Глоб Интернэшнл” ТББ-тай холбогдох боломжтой.
- Кампанит ажил
Төслийн хугацаанд шаардлагатай үед дараах хэлбэрийн кампанит ажлыг зохион байгуулна.
- сэтгүүлчдийн эрхийг зөрчсөн этгээдэд эсэргүүцлийн захидал илгээх,
- олон улсын хүний эрхийн байгууллагын анхааралд хандуулан тусламж дэмжлэг хүсэх,
- хэвлэлийн мэдээ боловсруулж, нийтлэх, нэвтрүүлэх,
- хэвлэлийн бага хурал зохион байгуулах,
- сэтгүүлчдийн хэргийг шүүхээр шийдвэрлэх явцад мониторинг хийх,
- олон нийтэд мэдээлэх
Эрхийн зөрчил ноцтой түвшинд хүрвэл, IFEX-ын гишүүн бусад байгууллагаас дэмжлэг авч, олон улсын байгууллагуудыг татан оролцуулж, сэтгүүлчийг хамгаалах эсэргүүцлийн кампанит ажил зохион байгуулна.
2. Сэтгүүлчдэд эрх зүйн зөвлөгөө өгөх
Мэргэжлийн эрхийн зөрчилтэй тулгарсан сэтгүүлчдэд эрх зүйн зөвлөгөө өгнө. Төслийн хугацаанд орон нутгийн сэтгүүлчдэд түлхүү анхаарах бөгөөд сэтгүүлчдийн эрх зүйн боловсролд зориулж онлайн зөвлөгөөний буланг ажиллуулна.
3. Хөдөөгийн өмгөөлөгчдөд зориулсан сургалт
Хэвлэл мэдээлэл олноор төвлөрсөн Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Өмнөговь аймгийн 8 өмгөөлөгчийг хоёр өдрийн сургалтад хамруулна. Сургалтыг илүү дадлагад суурилан урьд өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг задлан шинжлэх хэлбэрээр явуулна.
Сургалтын хөтөлбөрт Хүний эрхийн түгээмэл тунхаглал, ИУТЭХОУП-ыын 19-р зүйл, Үндсэн хуулийн үзэл бодлоо илэрхийлэх баталгаа, хараат бус хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн олон улсын зөөлөн хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжид тусгасан хэвлэл мэдээлэлтэй холбоотой зүйл заалт, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг өмгөөлөх онцлог тактик гэх мэт сэдэв орно. Мөн 19-р зүйлийн тайлбарыг шүүхийн практикт хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө өгнө.
Төслийг “Хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг хамгаалах нь” стратегийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх эрэн сурвалжлах сэтгүүл зүй, эрх зүйн төслийн зарим үйл ажиллагаатай уялдуулах болно.
Төслийн явцын тайланг дарж үзнэ үү.