"ЮНЕСКО-н хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрэглэх нь" судлаачдад зориулсан гарын авлага

“ЮНЕСКО-н хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрэглэх нь” судлаачдад зориулсан гарын авлагын гол санаа нь, хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах явцад хуримтлагдсан мэдлэг туршлагаар дамжуулан өнөө болон ирээдүйд хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ гаргах судлаачдад туслах зорилготой юм. Мөн үнэлгээний цаашдын хөгжилд нэмэр болох ёстой бөгөөд хэрэглэх арга ажиллагааг хөнгөвчлөхөд оршино.

Гарын авлагын арга зүйн бүлэгт, судлаачдад тус болохуйц асуудлыг шийдвэрлэх хамгийн дөхөм практик алхмууд, санал гаргах зэрэг зааварчилгааг тухайн нутгийн онцлогийг харгалзсан байдлаар оруулсан. Хэвлэл мэдээллийн хөгжил нь өөрөө амаргүй, маргаантай асуудал учраас ХМШҮ нь 50 үндсэн шалгуур, 100 дэд шалгуурыг багтаахаас аргагүй байв.

Олон асуудлууд дотроо хэд хэдэн шалгуур үзүүлэлтэд хуваагдах, улмаар өөр өөр төрлүүдэд багтсан явдал ч бий. Энэ нь судлаачдад, жишээ нь, хараат бус байдлаа хангахад зохицуулагчдад юу хэрэгтэй, яг хаана өөрийн зохицуулалтын асуудлыг тэмдэглэх гэхчлэнг ойлгоход төвөгтэй асуудлуудыг дагуулах болно. Түүнээс гадна, ХМШҮ нь маш өргөн хүрээг хамарсан хэдий ч, хэвлэл мэдээллийн хөгжлийн зарим асуудал, тухайлбал, сонин бүртгүүлэх асуудал нэрээрээ ороогүй. Эдгээр асуудал үндсэн болон дэд бүлгүүдийн аль нэг хэсэгт багтсан байгаа ч, судлаачдад, яг аль бүлэгт хамаарах нь тодорхой биш байх талтай. Гарын авлага нь судлаачдын эргэлзэж болзошгүй эсвэл өөрөөр хийчих магадлалтай асуудлуудын талаар шалгуур үзүүлэлтүүдээс салбарлуулан, хаана тэмдэглэхийг заасан заавар, зөвлөмжүүдийг агуулсан.

Туршилтын үйл ажиллагааны явцад улс орнуудад олон улсын ямар стандартыг дагаж мөрддөгийг судлаачид яв цав тогтоогоогүй нь харагдсан. Шалгуур үзүүлэлтэд заасан агуулга, тогтолцоо байхгүй улс орнуудад энэ нь бүр ч төвөгтэй. Жишээ нь, олон нийтийн өргөн нэвтрүүлгийн суваггүй эсвэл олон нийтийн өргөн нэвтрүүлгийн удирдах зөвлөлгүй тохиолдолд шалгуур үзүүлэлтийн 3.5-д заасан тухайн хэрэгслийн бие даасан байдлыг тогтооход төвөгтэй болно.

Гарын авлага нь цаашлаад олон улсын стандартын орчин нөхцлийн талаар бүрэн дүүрэн ойлголтгүй улс орнуудад түүнийг тодорхой болгох гарцыг эрэлхийлж буй. Мөн гүнзгийрүүлэн судлахад зориулан нэмэлт материалууд, хэрэгцээт эх сурвалжуудыг хавсаргав.

“ЮНЕСКО-н хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрэглэх нь” гарын авлагыг энд дарж үзнэ үү.