Монгол улсын Ерөнхий сайд Таны гомдлын дагуу “Тэргүүн” сонины сэтгүүлчдэд Чингэлтэй дүүргийн шүүхээс 20 гаруй сая төгрөгийн торгуулийн ял ногдуулж, торгох ялаас зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаатайгаар хорих ялаар солихоор шийдвэрлэсэн, мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.
Глоб Интернэшнл Төв нь дээрх хэргийг иргэний журмаар шийдэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд сэтгүүлчдэд Эрүүгийн хуулиар ял тулгасан, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаагдахад хүргэж болзошгүй өндөр хэмжээний торгууль ногдуулсан нь эдийн засгийн цензур хэмээн эсэргүүцэж байна.
Монгол улсын Ерөнхий сайд Та бол төрийн өндөр албан тушаалтан. Та иргэний хувьд өөрийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд хүссэн хэлбэрээр хариу өгөх эрхтэй. Та нэр төрөө хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлүүлэх боломжтой.
2000 оны 12-р сарын 1-нд НҮБ-аас гаргасан Тунхаглалд “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” сануулсан байдаг. Мөн 2011 оны 3-р сард Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар Хүний эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлийг хэлэлцээд, Монгол улсын Засгийн газарт хандан нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг Эрүүгийн хуулиас халахыг зөвлөсөн билээ. Монгол Улсын Засгийн газар дээрх Пактын хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлээ НҮБ-ын Хүний эрхийн хороонд илгээх хугацаа 2015 онд тохионо.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Таныг Монгол улсын Засгийн газрыг тэргүүлж буйн хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд манлайлна гэдэгт итгэж байна.
Та энэ хэргээ ухаалгаар шийдэх нь олон улсын тавцан дээр Монгол улсын Засгийн газар болон Ерөнхий сайд Таны нэр хүндэд эерэгээр нөлөөлнө.
Та НҮБ-ын дээрх зөвлөмжийг дэмжиж, чөлөөт, хараат бус хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний мөн чанар, ач холбогдол, түүний ардчилалд оруулах хувь нэмрийг өөрийнхөө хувийн нэр төрөөс илүү жинтэй болохыг ухамсарлан ойлгож, үлгэр дууриал үзүүлэн, хэргийг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд санхүү, эдийн засгийн дарамт үзүүлэхгүйгээр, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэнэ хэмээн найдаж байна.
Глоб Интернэшнл Төв нь 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
Жич: Глоб Интернэшнл Төвийн “Тэргүүн” сонинтой холбоотой шуурхай мэдээг хавсаргав.