“Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлт”-ийг танилцуулах семинар боллоо

“Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлт”-ийг танилцуулах семинар  2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13.30 -16.30 цагт Засгийн газрын XI байр, СЕХ-ны хурлын дугуй танхимд боллоо. Семинарыг ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар,  Жендэрийн Үндэсний Хороо,   Глоб Интернэшнл Төв,  Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран зохион байгуулав.

2012 онд ЮНЕСКО, Олон улсын сэтгүүлчдийн холбоо болон бусад түнш байгуулагуудтай хамтран хэвлэл мэдээллийн бүх төрлийн хэрэгслээр дамжуулан жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийг чадавхижуулах үйлсэд хувь нэмэр оруулах зорилготойгоор “Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт”-ийг боловсруулан гаргасан.

Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт нь ЮНЕСКО-гоос гаргасан “Хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлт”-ийн үргэлжлэл бөгөөд энэ удаад дэлхий нийтийн анхаарлыг жендэрийн тэгш байдлын асуудалд хандуулж байгаа юм.

ЮНЕСКО, хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтийг эхний ээлжинд олон нийтийн болон хүйн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрэгжүүлэх нь чухал юм. Учир нь нийгмийн олон талт байдлыг нийтлэл, нэвтрүүлэгтээ тусгах үүргийнхээ хүрээнд жендэрийн мэдрэмжтэй байдлыг ч мөн давхар илэрхийлэх үүрэгтэй. Гэхдээ энэ нь хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жендэрийн тэгш байдлын асуудлыг үл ойшоох ёстой гэсэн үг биш. Ялангуяа өргөн нэвтрүүлгийн давтамжийн зурвас нь олон нийтийн өмч учир энэ зурвасыг ашиглаж байгаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд жендэрийн тэгш байдлын асуудал хамаатай болохыг зөвлөсөн. 

Глоб Интернэшнл Төв ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн (IPDC) дэмжлэгтэйгээр Жендэрийн Үндэсний Хороо,  Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран хэрэгжүүлж эхэлсэн "Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд турших нь" төслийн хүрээнд Монголын хэвлэл мэдээлэлд жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтийг ашиглан үнэлгээ хийх, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг болон хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг турших юм.

Түүнчлэн, иргэний нийгмийн байгууллагууд шалгуур үзүүлэлтийг ашиглан хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдалд үнэлгээ өгөх боломжтой болно.

Глоб Интернэшнл төв,  Утас: 324627, 324764
Жендэрийн Үндэсний Хороо
Монголын Сэтгүүлчдийн эвлэл