ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Монголд мэдээллийн вэб сайтыг хаасанд түгшиж буйгаа илэрхийлэв

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович

Албан бус орчуулга

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Вена, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр - ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович Монголын Amjilt.com мэдээллийн вэб сайтыг хаасанд түгшиж буйгаа өнөөдөр илэрхийллээ. “Вэб сайтыг хаах нь шүүмжлэлийг нухчин дардаг бөгөөд ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хүсэл зоригийн эсрэг үйлдэл юм” хэмээн Миятович мэдэгдэв.

“Дээрх үйлдэл нь мөн чөлөөт хэвлэлийн тулгуурын нэг болох эрэн сурвалжлах сэтгүүл зүйд айдас хүйдэс бий болгодог.” 7 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Харилцаа, холбооны зохицуулах хороо (ХХЗХ) Amjilt.com вэб сайтыг хаажээ. ХХЗХ-ноос тус сайтынханд Монгол Улсын Ерөнхий сайдтай холбоотой шүүмжлэлт нийтлэлийг устгах талаар албан бус хүсэлт тавьсаны дараа энэ үйл явдал өрнөжээ. Amjilt.com вэб сайтын удирдлага тухайн нийтлэлийг устгаагүй байна.

Гэсэн хэдий ч ХХЗХ дээрх үйлдэлтэй холбоотой мэдэгдэл гаргаагүй, мөн Amjilt.com вэб сайтынханд ямар нэгэн албан хүсэлт тавиагүй бөгөөд зохиогчийн эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр хаагдсан зөрчилтэй домайны жагсаалтдаа оруулжээ.

“Засгийн газрын зохицуулагч байгууллага нь Олон нийтийн эрх ашгийг хөндсөн, санаа зовоосон асуудлаарх мэдээлэл олж авах эрхийг хязгаарлаж, саад учруулж буй нь түгшээж байна” хэмээн Миятович хэлээд “Олон нийтийн мэдвэл зохих, ач холбогдолтой бүхий л асуудлын хүрээнд олон ургальч хэлэлцүүлэг өрнүүлэхийг хөхиүлэн дэмжихийг эрх баригчдаас шаардаж байна” гэв.

 ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч нь ЕАБХАБ-ын оролцогч 57 улсын хэвлэл мэдээллийн хөгжилд ажиглалт хийдэг. Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хэвлэлийн эрх чөлөөний зөрчилд урьдчилан сануулга өгч, ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хүсэл зоригийг бүрэн дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.osce.org/fom , Twitter: @OSCE_RFoM болон facebook.com/osce.rfom  

Эх сурвалжийг холбоосоос үзнэ үү: http://www.osce.org/fom/121076

Монгол Улс 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүн орон болсон юм.