Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний зөвлөмжийг УИХ-д гардуулав
2016/05/04
Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний зөвлөмжийг 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” Дугуй ширээний ярилцлагын үеэр Глоб Интернэшнл Төвийн тэргүүн Х.Наранжаргал УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Амаржаргалд гардуулав. Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний тайланг Глоб Интернэшнл Төв МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн, Ил тод байдал сантай хамтран ЮНЕСКО-гийн Харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрөөс (IPDC) баталсан Хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлт (ХМХШҮ)-үүдэд суурилан гаргасан юм.
Эдгээр шалгуур үзүүлэлтийн дагуу өнөөгийн хэвлэл мэдээллийн орчныг цогцоор нь үнэлж, хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах талаар гаргасан зөвлөмжийг Улаанбаатар хотод 2013 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулсан Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурлын оролцогчид анх хэлэлцэж, 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хийсэн Дугуй ширээний ярилцлагын үеэр дахин шинэчилэн найруулав.
“Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт”-ийг 2008 онд ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн хөтөлбөрийн (IPDC) Засгийн газар хоорондын зөвлөлөөс баталсан бөгөөд үндсэн 5 шалгуур үзүүлэлт, тэдгээрээс салбарласан 194 дэд шалгуур үзүүлэлтийн дагуу тухайн орны хэвлэл мэдээллийн хөгжлийг цогцоор нь үнэлэх өвөрмөц хэрэглүүр юм. Энэ шалгуур үзүүлэлт НҮБ-ын агентлаг, тэдгээрийн түншүүд, засгийн газар хоорондын байгууллага, хэвлэл мэдээллийн салбар, иргэний нийгмийн байгууллагын дунд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөж, олон оронд туршигдсан байдаг.
ЮНЕСКО-гийн Мэдээлэл, Харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдэд суурилсан Монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах зөвлөмж