“Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө” эрх зүйн гарын авлага
Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулан “Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө” эрх зүйн гарын авлагад үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөний тухай олон улсын хууль, хэм хэмжээ, мөн дотоодын эрх зүйн хэм хэмжээ, судалгаа, дүн шинжилгээг багтаасан болно.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2015 оны 5 дугаар сарын 5-нд Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын Үндэсний тайланг хэлэлцэх явцад 8 улсаас Үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөг бататган хамгаалах, ялангуяа үндэсний хууль тогтоомжоо 1974 онд соёрхон баталсан ИБУТЭОУП-ын 19 дүгээр зүйлд нийцүүлэх, зохицуулалтын байгууллагын хараат бус байдлыг хангах, сэтгүүлчдийн айдас хүйдэсгүйгээр сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, нэр төр гутаах Эрүүгийн хуулийн заалтыг халах, сэтгүүлчийн нууц эх сурвалж, шүгэлдэгчийг хамгаалах зэрэг зөвлөмж өгсөн билээ. 2015 оны 9 дүгээр сард Монгол Улс эдгээр зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх үүрэг амлалт авч, үүнийгээ Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Ерөнхий төлөвлөгөө батлах тухай 204 дүгээр тогтоолоор баталгаажуулсан юм.

Мөн манай байгууллага, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн, Ил тод байдал сангаас ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-гийн боловсруулсан Хэвлэл мэдээллийн 5 үндсэн, 194 дэд шалгуур үзүүлэлтийг ашиглан 2013-2015 онд Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийг иж бүрэн үнэлж, тайлангийн төслөө хэвлэл мэдээллийн салбарынхантай зөвлөлдөн бэлэн болгосон юм. Энэ тайланд Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн орчныг сайжруулах чиглэлээр УИХ, Засгийн газар, холбогдох бусад байгууллагад хандсан 6 бүлэг 24 үндсэн зөвлөмжийг багтаасан болно.

Монгол Улс 2013-2017 онд ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын Зөвлөлийн гишүүнээр ажиллаж, 2016 оны 11 дүгээр сарын 17, 18-ны өдөр Парис хотноо болсон Зөвлөлөөс Дэд ерөнхийлөгчийн нэр хүнд бүхий албыг хашихаар боллоо.

Монгол Улс Үндсэн хуулийнхаа 10-р зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж тунхагласнаар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэг хүлээсэн. 2015 онд батлагдсан Хууль тогтоомжийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт ”Олон улсын гэрээг соёрхон баталснаар Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай тохиолдолд тухайн хуулийн төслийг хамт боловсруулна” хэмээн заасан нь Үндсэн хуулийнхаа заалтыг практикт хэрэгжүүлэх, түүнчлэн эрх зүйн шаардлагатай шинэтгэл хийхэд чухал ач холбогдол бүхий алхам болсон нь сайшаалтай.

2016 оны 12 дугаар сарын нэгний өдөр батлагдсан Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар Засгийн газар нь НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээв.

Хэвлэл мэдээллийн шинжээч, хуульчдын бүрэлдэхүүнтэй багаас дээр дурдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор энэ гарын авлагыг бэлтгэлээ.

Гарын авлагад үзэл бодолтой байх, түүнийгээ баримтлах эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний гол үзэл санаа, үзэл баримтлал, тэдгээрийг хязгаарлахад заавал дагаж мөрдөх хэм хэмжээ, зарчим буюу зохих ёсны хангалттай үндэслэл, мэдээллийн нийгмийн үйл явцад интернэтийн орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний онцлогийн тухай тусгасан болно.

Энэ нь хууль боловсруулагч, тогтоогч, түүнчлэн төр, иргэний нийгмийн байгууллагын хуулийн зөвлөхүүдэд Засгийн газрынхаа амлалтуудыг ажил хэрэг болгоход нь тодорхой хувь нэмэр болно гэдэгт итгэж байна.

Гарын авлагыг бүрэн эхээр нь энд дарж PDF хувилбараар татаж авч болно.