Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр

Монгол Улсын Их хурлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 тоот тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталжээ. Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Уг хөтөлбөрт иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах зорилтын хүрээнд “эрэн сурвалжлах замаар авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлсэн сэтгүүлчийг аливаа дарамт, шахалтаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагааных нь улмаас эрүүгийн хариуцлагад татах явдлыг өөрчилж, аюулгүй байдлыг хангах” зохицуулалтыг бий болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр заасан байна.

4.1.8. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх

Иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.8.1. Хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлэл олж авах, түгээх эрхийг баталгаажуулах;

4.1.8.2. Эрэн сурвалжлах замаар авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлсэн сэтгүүлчийг аливаа дарамт, шахалтаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагааных нь улмаас эрүүгийн хариуцлагад татах явдлыг өөрчилж, аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг бий болгох;

4.1.8.3. Хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан, хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх;

4.1.8.4. Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аливаа нийтлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгаа, мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхтэй холбоотой үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах;

4.1.8.5. Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй зөрчсөн асуудлыг хэлэлцэх, холбогдох хариуцлага тооцох чиглэлээр ажиллах Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах.

Монгол Улсын Их хурлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 тоот тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд даалгасан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор Ажлын албанд хүргүүлнэ. Авлигатай тэмцэх газар тайланг нэгтгэн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэн, санал дүгнэлтээ Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулж байхаар хөтөлбөрт заажээ.