Швейцарь улсын нийслэл Женев хотноо 2017 оны 07 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 120 дугаар чуулганаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит 6 дахь илтгэлийг (CCPR/C/MNG/6) хэлэлцээд 7 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газарт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах зөвлөмж өгсөн юм. Үүнд:
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө
37. Эрх мэдэлтнүүдийн зүгээс хэвлэл мэдээлэл, тэр дундаа интернэтэд суурилсан хэвлэл мэдээлэлд хуулиар өргөн хүрээнд хязгаарлалт тавьж буй, мөн нууцлалтай холбоотой зүйл заалтыг хэт өргөн хүрээнд тайлбарлаж байгаагаас мэдээлэл авах эрх хязгаарлагдаж байгаад Хороо санаа зовниж байна. Хороо, Эрүүгийн хуулиас гүтгэлэг доромжлолтой холбоотой ерөнхий зүйл заалтыг халсныг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ, уг хуулийн гүтгэлэг доромжлолтой холбоотой бусад зүйл заалт хэвээр үлдсэн төдийгүй үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэт хязгаарлах сөрөг үр дагавар бүхий Иргэний хуулийн нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг ашиглах явдал нэмэгдэж буйд санаа зовниж байна. Мөн Хорооны зүгээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг сүрдүүлсэн, тэдэнд халдсан явдлуудад эмзэглэж байна. (Зүйл  19, 21, 22, 26).
38. Оролцогч улс нь үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөний талаарх Хүний эрхийн хорооноос 2011 онд гаргасан 34 дүгээр ерөнхий тайлбарыг анхааралдаа авч, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг аливаа байдлаар хязгаарлахдаа Пактын 19 дүгээр зүйлийн 3 дугаар заалтыг чанд мөрдөх ёстойг анхаарвал зохино. Нэр хүнд гутаан доромжлох нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах шалтгаан болохгүй бөгөөд Иргэний болон Эрүүгийн хуулийн нэр төрд халдах, гүтгэлэг доромжлолтой холбоотой зүйл заалтууд нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилох ёсгүй. Оролцогч улс Эрүүгийн хуулиас гүтгэлэг доромжлолтой холбоотой зүйл заалтыг бүрэн халж, гүтгэлэг доромжлолтой холбоотой хэрэг нь эрх чөлөөг хасах үндэс болох ёсгүй, мөн гүтгэлэг доромжлолтой холбоотой эрүүгийн, иргэний хууль нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилохгүй байхад анхаарвал зохино. Үүнээс гадна сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг аливаа сүрдүүлэг заналхийлэл, халдлагаас хамгаалах, эдгээр төрлийн халдлагыг нэн даруй мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдэд зохих шийтгэл ногдуулж байх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний болон улсын төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх ээлжит 6 дахь илтгэлийг  хэлэлцэх НҮБ-ын Хүний эрхийн хорооны 120 дугаар чуулганд  Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцсон юм. 
НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт нь хүний амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх, чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчөөрөө уламжлан оролцох, сайн дурын үндсэн дээр гэрлэх, өрх тусгаарлах, өмчтэй байх, хүн бүр хуулийн өмнө адил тэгш хамгаалуулах, улсынхаа дотор чөлөөтэй зорчих, амьдран суух газраа чөлөөтэй сонгох зэрэг хүний иргэний болон улс төрийн суурь эрхүүдийг багтаасан Хүний эрхийн үндсэн баримт бичгийн нэг юм. 
Монгол Улс “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт” –д 1968 оны 01дүгээр сарын 05-нд гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-нд соёрхон баталжээ.