Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг дөрөв дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүнийг зохион байгуулахад Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан анхнаасаа идэвхтэй оролцож ирсэн.

Монголд сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж болзошгүй нөхцөл байдал байсаар байна гэдгийг бид байнга сануулж байх ёстой. Түүний жишээ болгож, манай нэрт сэтгүүлч, сэтгүүл зүйн шинэ үеийн томоохон төлөөлөл байсан Болормаа сэтгүүлчийн үхэлтэй холбоотой асуудал хөндөж байна. Хөндөхөөс ч өөр аргагүй юм. Яагаад гэвэл, цаана нь учир битүүлэг, сэжиг таамаг бүхий асуудал агуулсан байгаа. Энэ асуудалд Глоб Интернэшнл ТББ, МСНЭ, мөн бусад байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн онцгой анхаарал хандуулж, хууль хяналтын байгууллагуудыг энэ хэргийг сайтар шалгах шаардлагыг тавьж байсан. Гэвч бидний хүссэн үр дүнд хүрэхгүй байгаа гэдгийг зайлшгүй сануулах ёстой. Энэ мэтийн үйлдэл цаашид гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс бид онцгой анхааралтай байх ёстой.

Манай салбарын эрх зүйн байдлын асуудал үнэхээр задгай байгаа. 1990 оноос хойш эрх зүйн хувьд төдийлэн зохицуулалт хийгээгүй, урсгалаар нь явуулж ирсэн. Хөгжлийн үе шатаар нь авч үзвэл, анархи маягийн эрх чөлөө эдлэх тийм үе ч бидэнд байсан. Сүүлийн үед хариуцлага, ёс зүйгээр хязгаарлагдсан ийм эрх чөлөөг бий болгох ёстой гэдэг үзэл баримтлал, чиг хандлагыг хүлээн зөвшөөрч, энэ чиглэл рүү үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Хэвлэл мэдээллийн чиглэлээр олон улсын түвшинд зохион байгуулдаг хэд хэдэн том арга хэмжээ байдаг. Монголын сэтгүүлчид жил болгон тухай бүр дуу хоолойгоо хүргэж чадаж байна. Үүний нэг илэрхийлэл нь сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдээж байгааг таслан зогсоох, энэ үйлдэлтэй тэмцэх олон улсын энэ өдрийг дэлхий нийтийн хамт хөл нийлүүлэн тэмдэглэж байгаа явдал юм.

Өнөөдөр манай салбарынхан асуудлаа ярихаас аргагүй, бүр нухацтай ярих тийм үе дээр ирсэн байна. Монголын төр энэ асуудалд мөн анхаарлаа хандуулбал туйлын талархах байна. Учир нь, бид хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүл зүйн байдлыг зөв тодорхойлох маш хариуцлагатай үе дээр ирлээ. МСНЭ ч мөн уг асуудлаар цуврал ярилцлага хийх төлөвлөгөөтэй байна. Сэтгүүлчдийн ёс зүйн асуудлаар сүүлийн үед сайн дурын санал санаачлагууд гарч байна. Түүнчлэн, сэтгүүлчдийн нэр хүндтэй холбоотой, мэргэжлийн нэр хүндтэй холбоотой, салбарын нэр хүндтэй холбоотой асуудлууд санаа зовоож байна.