Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр

Та бүхний энэ өдрийн мэндийг айлтган мэндчилье. Глоб Интернэшнл ТББ, Нээлттэй нийгэм форумын хамтран зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдрийн тэмдэглэлт өдөр бол зөвхөн сэтгүүлчдийн эрх ашиг, тэдний амь нас, эд хөрөнгийг хамгаалах тухай асуудал бус нийт иргэдийн Үндсэн хуульд заасан итгэл үнэмшилтэй байх эрх, мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах асуудал хөндөгдөж байгаа тул ач холбогдол өгч байна.

Глоб Интернэшнл ТББ болон Нээлттэй нийгэм форумтай Засгийн газар, ХЗДХЯ олон талаар хамтарч ажилладаг. Манай яаман дээр байгуулагдсан хүний эрхийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд эдгээр байгууллагын төлөөлөл багтдаг. НҮБ-аас баталсан энэ чиглэлийн гэрээ конвенцийн хэрэгжилтийг ТББ-уудтай хамтарч, тайлагнах ажлыг бид зохион байгуулдаг. Хамгийн сүүлд Монгол улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийг НҮБ-д энэ оны 7 дугаар сард тайлагнасан. НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Монгол улсад иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хэрэгжилт, сэтгүүлчдийг гэмт хэрэгт холбогдуулж шалгах асуудлыг нарийвчлан, нухацтай авч хэлэлцсэн гэдгийг зориуд тэмдэглэн хэлье. НҮБ-ын Хүний эрхийн хороо нь Монголын төрөөс хийгдэж байгаа зарим нааштай асуудлыг үнэлсэн. Тухайлбал, иргэдийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулж, ял шийтгэж байгаа үйлдлийг Эрүүгийн хуулиас хасч Зөрчлийн хуулиар шийдвэрлэж байгааг зөв зүйтэй алхам хэмээн үнэлсэн. Мөн 2016 онд байгуулагдсан шинэ Засгийн газраас сонгуулийн үеэр бусдыг гүтгэх гэмт хэрэгт хорих ял ногдуулах байсныг халж, зорчих эрхийг хязгаарлах, торгох шийтгэлтэй болгосныг чухал өөрчлөлт хэмээн цохон тэмдэглэсэн.

Сэтгүүлчдийн хувьд, бид цагдаагийн байгууллагаас холбогдох мэдээллийг авч үзэхэд, сүүлийн 3 жилийн хугацаанд нийтдээ 19 сэтгүүлч хэрэгт холбогдон, шалгагдсан гэсэн дүн мэдээлэл байна. Үүнээс, гүтгэх гэмт хэрэгт 5 сэтгүүлч холбогдсон байна. Тухайлбал, 2015 онд 3 сэтгүүлч, 2016 онд 2, харин 2017 оны байдлаар гүтгэх гэмт хэргээр эрүүгийн хэрэгт холбогдон, шалгагдсан сэтгүүлч байхгүй. Иргэний хувиар бусад гэмт хэрэгт холбогдсон, ялангуяа бусдын бие махбодид хүнд, хөнгөн гэмтэл учруулсан 8 сэтгүүлч байна. Эдгээр мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд, тухайн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, ажил үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулж гэмт хэрэгт өртсөн эсэхийг нарийвчилан авч үзэх ёстой. НҮБ-ын Хүний эрхийн хорооноос талийгаач сэтгүүлч Л.Болормаагийн амь насаа алдсан асуудалд анхаарал хандуулах, хэвлэл мэдээллээр гарч байгаа болон хууль, хяналтын байгууллагуудын гаргаж байгаа дүгнэлт бодитой эсэхийг нарийвчлан судалж, Монгол улсын Засгийн газар үүнд дахин анхаарал хандуулах асуудлыг тавьсан гэдгийг зориуд хэлэх нь зүйтэй.

Даяарчлал нь мөн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт маш их эрчимжиж байна. Интернет, цахим сүлжээ өргөн тархацтай нэвтэрч байгаатай холбоотой сэтгүүл зүйн гүйцэтгэх үүрэг, мэргэжлийн, хариуцлагатай сэтгүүл зүйн гүйцэтгэх үүргийн үнэ цэнэ улам нэмэгдэж байна. Энэ асуудалд төрийн бодлого, хууль эрх зүйн хүрээнд зохицуулах санал санаачлагуудыг улс орнууд янз бүрийн хэлбэрээр гаргаж байна. Ингэхдээ, иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдахгүй байх зохицуулалтыг харгалзан, нарийвчлан үзэж байна. Ямар нэгэн хязгаарлалтгүй, ямар нэгэн цензургүй, ямар нэгэн зохицуулалтгүй хэвлэл мэдээллийн болон цахим орчны салбар нь улс орны үндэсний аюулгүй байдал, хүүхэд залуучуудын хүмүүжил, соёл уламжлал, ёс заншил гээд олон хүчин зүйлд нөлөөлөх хандлагатай байна. Иймд хараат бус сэтгүүл зүйн үүрэг улам өсч байгаа гэдгийг тэмдэглэе. Төрөөс энэ асуудлыг хатуу цензуртай зохицуулах нь хамгийн зөв гарц биш гэж би хувьдаа үздэг. Ялангуяа, хэвлэл мэдээлэлд нийгмийн хариуцлага гэж бий. Энэ хүрээнд, асуудлаа дотроо сайн ярилцан, шүүж, нэр хүнд сэвтүүлж байгаа, бодит бус мэдээллүүдийг цэвэрлэх тал дээр өөрсдийнх нь хариуцлага чухал.

ХЗДХЯ-наас боловсруулж байгаа хэд хэдэн хуулийн төслийг ирэх онд олон нийтийн хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөж байна. Үүний дотор, Төрийн бус байгууллагын тухай хуульд онцгой ач холбогдол өгч байгаа. Энэ бол ганцхан хэвлэл мэдээллийн байгууллагын асуудал биш. Олон нийтэд үнэн бодитой, зөв мэдээлэл хүргэхэд төрийн бус байгууллагууд өөрсдөө зөв төлөвшин хөгжих, тэр хэрээрээ нийгмийн хариуцлагыг үүрч, төрд тавих мэргэжлийн бөгөөд хариуцлагатай хяналт дээшилнэ. Манай улсын хэмжээнд сүүлийн Үндсэн хуулийг баталснаас хойш орхигдсон хэд хэдэн чиглэлийн асуудал байгаа гэдгийг та бүхэн анзаарч байгаа. Хэвлэл мэдээллийн салбар, төрийн бус байгууллагууд, шашин, сүм хийдүүд сүүлийн 25 жилийн хугацаанд хууль хэрэгжилтийн хувьд ч, төрийн зохицуулалтын хувьд ч урсгалаараа явж байна. Энэ гурван багц асуудал нь харилцан уялдаатай, цогц, зөв оновчтой зохицуулалтын хүрээнд хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Эдгээр бүх асуудлыг шийдэхийн тулд та бүхэнтэй хамтарч ажиллахын төлөө байна.